Эрхүү хотод Монголын нэрт эрдэмтний дурсгалын самбарыг нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-23 16:33:48

ЭРХҮҮ. /Baikal-daily/. ОХУ-ын Эрхүү хотод Монголын нэрт эрдэмтэн, түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн Базарын Ширэндэвийн дурсгалын самбарыг нээх ёслол боллоо.


Дурсгалын самбарыг Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Багшийн дээд сургуулийн хананд суурилуулжээ. Энэхүү ёслолыг ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан байна.


Энэхүү самбар нь сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүхэл бүтэн үеийнхэнд үзүүлж буй хүндэтгэл юм гэж Эрхүү хотын захиргааны нийгмийн бодлого, соёлын хорооны дарга Виталий Барышников ёслолын үеэр үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.


Их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын танхимд мөн баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, "Дружба-Найрамдал:100 жил хамтдаа" дугуй ширээний уулзалт болсон байна. Эдгээр арга хэмжээнд Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул болон Консулын газрын ажилтнууд, ОХУ-ын Гадаад харилцааны яамны Эрхүү хот дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, олон нийтийн төлөөлөгчид, эрдэмтэд, Эрхүүгийн Улсын Их Сургуулийн багш, оюутнууд, мөн Эрхүүгийн Улсын Их Сургууль болон тус их сургуулийн Багшийн дээд сургуулийг төгссөн монголчууд оролцсон байна. 

Related news