Сенат азиудын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-23 12:45:46

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим Ази гаралтай Америк иргэдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн төслийг пүрэв гарагт баталжээ. Коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед ийм төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болоод байгаа юм. 


Сенат энэхүү баримт бичгийг 94-1 саналын харьцаагаар баталсан бөгөөд Миссури муж улсын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Жош Хавли ганцаар эсрэг санал өгсөн байна. Хуулийн төслийг одоо Ардчилсан намынхан олонхын суудал эзэлж буй Төлөөлөгчдийн танхим батлах юм. Ерөнхийлөгч Жо Байдены хувьд уг хуульд гарын үсэг зурна гэдгээ урьд нь илэрхийлжээ.


Энэхүү баримт бичиг нь “COVID-19”-тэй холбоотой үзэн ядах гэмт хэргийг хянан шалгах ажлыг түргэтгэхийг Хууль зүйн яаманд үүрэг болгоно. Мөн муж улс, орон нутгийн хууль сахиулах байгууллагуудад ийм хэргүүдийг мэдээлэх платформ бий болгох, цар тахлыг тодорхойлохдоо ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэрэглэхийг таслан зогсоох зөвлөмжийг хүргүүлэх ажээ.


“Хуулийн төслийг баталснаар Засгийн газар Ази гаралтай америкчуудад анхаарал хандуулж, тэдэнд тулгарч буй асуудлуудыг сонсож, хамгаалахын төлөө ажиллах нөхцөл бүрдэнэ” гэж Сенатын танхимын олонхын бүлгийн дарга Чак Шумер мэдэгдсэн байна. 


COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д азиудын эсрэг үйлдэх гэмт хэргийн тоо огцом нэмэгджээ. Тухайлбал, 2020 онд Америкийн 16 том хотод азиудын эсрэг гэмт хэргийн тоо 150 орчим хувиар өссөнийг Калифорни муж улсын их сургуулийн судалгааны төвийн тайлан харуулжээ. 

Related news