Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-29 14:00:46

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын товч мэдээг хүргэж байна.

·  Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд, Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай, Бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай, сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаар тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

·  Хилийн боомтуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зарим боомтуудын сантехникийн засвар үйлчилгээ, уурын зуухны тогоог шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

·  Энэ оны аравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Монгол Канадын дугуй ширээний VI уулзалтад оролцох Монголын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Манай төлөөлөгчдийг Уул уурхайн сайд Р.Жигжид ахална.

·  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·  Брюссель хотноо энэ оны аравдугаар сарын 6-7-нд болох Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XVI хуралдаанд оролцох төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.

·  Уул уурхайн сайд Р.Жигжидийн энэ сарын 15-18-нд Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад, 21-23-нд Колумбын Бүгд Найрамдах Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

·  Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл, холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

·  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

·  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын энэ сарын 16-18-нд Шэнси мужийн Сиань хотноо болсон ШХАБ-ын Худалдаа, эдийн засгийн сайдын түвшний 14 дэх удаагийн уулзалт, Бээжин хотноо болсон  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч сайдын ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орны төлөөлөгчдийг хүлээн авах уулзалтад тус тус оролцож, ӨМӨЗО-ны Улаан хад хотноо Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн цогцолбортой танилцсан дүнг сайшаав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Related news
Comments