Шилийн богд уулыг тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-02 15:39:09

Сүхбаатар нутгийн сүсэгтэн олны хүсэлтээр Шилийн богд уулыг тахихаар болжээ. Тахилга зуны дунд сарын шинийн 4-ний Балжиннямтай билэгт сайн өдөр буюу 2016 оны 6 сарын 8-нд болно. Өмнө нь тус уулыг далд хэлбэрээр тахиж байсан гэдэг, харин энэ удаагийнх  бол албан ёсоор, нийтэд ил болж байгаа анхны тахилга юм.

Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд уулын тахилгын үеэр эрийн гурван наадам болно. Өсвөрийн 64 бөхийн барилдаан болон насанд хүрэгчдийн сурын харваа, Хязаалан насны хурдан морины уралдаан зохион байгуулагдах юм.

Тахилгыг Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд зохион байгуулах юм. Тахилгын гол зорилго нь тус уулын тахилга шүтлэгийн тодорхойгүй байдлыг эмх цэгцэнд оруулж, удамжлалт нэгдсэн тахилгатай болгоход оршино.

Шилийн богд уулыг Монгол Улсын бүхий л аймаг, сумдаас ард иргэд, сүсэгтэн олон маш ихээр зорин ирдэг. Өвөг дээдсийн үеэс хайрлаж, сүсэглэн биширч өөрсдийн ирээдүй хойч үеийг даатгаж ирсэн  тус уулыг албан ёсоор тахиж лус савдагийг баярлуулах зүйл байхгүйд нутгийн олон эмзэглэж, олон жилийн өмнөөс албан ёсны тахилгатай болгох талаар өөрсдийн санал хүсэлтийг Эрдэнэмандал хийдэд удаа дараа ирүүлдэг байжээ. Үүн дээр үндэслэн ийнхүү Шилийн богд уулыг нийтээр тахихаар болжээ.

Т. Одончимэг

 

 

Related news