“Рио-2016” олимпийн наадамд мэргэжлийн боксчид хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-02 10:51:27

Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ Швейцарийн Лозанн хотноо өчигдөр буюу энэ сарын нэгэнд болсон ээлжит бус хурлаар Мэргэжлийн боксын тамирчдыг РИО 2016 олимпийн их наадамд оролцох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ.

Энэ хуралд ОУСБХ-ны 88 гишүүн орноос 84 улс уг шийдвэрийг гаргахад санал нэгтэй дэмжив. ОУСБХ-ны 2013 оны шийдвэрээр мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпийн наадамд оролцож болно гэсэн хязгаарласан заалт гаргаж байв.

Харин шинэ дүрмийн өөрчлөлтөөр ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүй оролцох эрхтэй болов. Мэргэжлийн тамирчид “Рио-2016” олимпийн эрхийн төлөө хамгийн сүүлчийн эрхийн тэмцээнд Венесуэлийн Варгас хотноо 7 дугаар сарын 3-8-нд тоглож эрхээ авна. Энэ тэмцээнээс олимпийн 26 эрх олгоно.

Энэ шийдвэрийн дагуу олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксчин болсон хэдий ч Монгол Улсынхаа нэрийн өмнөөс “Рио-2016” олимпийн наадамд хүчээ сорих боломжтой юм.

Д.Өлзий

Related news