С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар шатрын УАШТ-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-15 13:01:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Шатрын насанд хүрэгчдийн УАШТ Баянхонгор аймагт болж өндөрлөлөө.


Эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн УАШТ-ий шигшээ шатанд  эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг тамирчин 11 өргийн турш халз тоглож аваргаар С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар тодорлоо.


Эрэгтэйчүүдийн ангилалд их мастер С.Билгүүн найман оноогоор түрүүлэхдээ тав хожиж, зургаа тэнцсэн байна. 2018 онд улсын аваргад түрүүлж байсан тэрбээр долоон жилийн дараа хошой аварга боллоо. Тэгвэл М.Амилал мөнгө, Г.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол Х.Итгэлт, Ү.Агьбилэг эхний тавд багтсан. Ингэснээр тэд 2026 онд болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхтэй болов.


Харин эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Мөнгөнзул 9.5 оноогоор түрүүллээ. Түүний хувьд найм хожиж, гурав тэнцсэн амжилттайгаар Монгол Улсын 28 дахь аваргаар тодорсон юм. Уг ангилалд их мастер Т.Мөнхзул мөнгө, кандитат мастер Х.Баясгалан хүрэл медалиар энгэрээ мялааж, их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Баярмаа нар айрагдлаа. Ингэснээр дээрх таван тамирчин ирэх оны дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болов. 



Related news