Баян-Адарга сумын өвөлжилтийн бэлтгэл хангалттай үнэлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-17 22:17:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тэргүүтэй удирдлагууд Баян-Адарга суманд ажиллах үеэр өвөлжилтийн бэлтгэлийг нь хангалттай гэж үнэлэв.
Тус уулзалтад сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Л.Бат-Октябрь, сумын ИТХ-ын дарга О.Тунгалагбаатар, Засаг дарга О.Лхагвадорж, төсөвт байгууллагын удирдлагууд, сумын ЗДТГ-ын ажилчид оролцлоо.
Уулзалтын эхэнд сумын Засаг дарга О.Лхагвадорж, өвөлжилтийн бэлтгэл болон сумын төсвийн талаар мэдээлэл хийлээ. Тус суманд мал тооллого үргэлжилж байгаа бөгөөд тооллогын есөн ажлын хэсэгт 27 ажилтан томилогдон ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж, сумын аюулгүй нөөцийн фондод 8000 боодол буюу 200 тонн өвс, таван тонн тэжээл, “Мөнхийн дуурлиг” ХХК, “Идэр-Онон” ХХК нийтдээ 300 тонн өвс, 65 тонн тэжээл, сумын 334 малчин өрх 11701 тонн өвс тэжээл бэлтгэжээ.
Баян-Адарга сум төсвийн зургаан байгууллагатай, нэгдсэн халаалтаар таван байгууллага, нийтдээ 10 гаруй обьектыг халааж байгаа бөгөөд зуухны ачааллаас шалтгаалан соёлын төвийг нам даралтын зуухаар халааж байна.
2020 онд улс, аймгийн төсвөөр Цэцэрлэгийн өргөтгөл /657 сая төгрөг/, Шүдний кабинет /31 сая төгрөг/, сургуулийн дотуур байр /1,2 тэрбум төгрөг/, Дотуур байрны дээврийн засвар /35,3 сая төгрөг/, бага сургуулийн тохижилт /26,7 сая төгрөг/, Бохирын авто машин /36 сая төгрөг/, Онон голын 110 метр урттай бетонан гүүр /4,5 тэрбум төгрөг/, сумын ЭМ-ийн төвд ЭХО аппарат /39 сая төгрөг/, Эрэн хайх аврах салбар дулаан хангамж, байрны засвар /82 сая төгрөгөөр/, ОНХС-аар 92,3 сая төгрөг угтах хаалга, 24 гэрэлтүүлэг, сумын төвийн 10 цэгт камер суурилуулах, биохимийн анализатор гэх мэт хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэсэн байна. Сумын төсөв долоон сая төгрөгөөр тасраад байгаа бөгөөд он дуусахад өргүй гарах боломжтойг сумын Засаг дарга мэдээлэв.
Тус суманд 2021-2022 онд 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв, 150 сая төгрөгөөр цэцэрлэгийн барилгын их засвар, мөн бага сургуулийн барилга баригдах бол аймгийн ОНХС-аар уурын зуухны өргөтгөл, эрүүл мэндийн төвийн гадна шугам, сумын ОНХС-аар 3 багт худаг гаргах, сайжруулсан зам тавих, гэрэлтүүлэг нэмэх, нярайн шарлагын аппарат зэрэг хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан байна.
Сумаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дөрвөн штаб гаргаж ажилласан бөгөөд Улаанбаатарт тусгаарлалтад орсон 213 оюутны судалгааг гаргаж, 198 оюутныг татан авсан байна.
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Хэтийн Хэнтий 2024” мөрийн хөтөлбөр, Хэнтий аймгийн 2021 оны төсөв, сумдад бүтээн байгуулалтын эрх шилжүүлэх тухай танилцуулга мэдээлэл хийж, худалдан авалт, ажлын сонгон шалгаруулалттай холбоотойгоор төрийн албан хаагчдыг бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цахилгаан, дулаан тэглэх болсонтой холбогдуулан цахилгааны аюулгүй байдлыг хангах, Оны эцэст өргүй гарах тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа. Тэрбээр цаашид УИХ-ын гишүүд, аймаг, сумд нэг баг болж хамтран ажиллахыг уриалав.

Related news