20 шахам дэлгүүр хаалгаа барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБагц мэдээ
Булган аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос хойш том жижиг нийлсэн 19 дэлгүүр ТҮЦ, хүнсний мухлаг үүд хаалгаа бариад байгаа судалгаа байна. Шалтгаан нь иргэдийн худалдан авах чадвар муудсанаас бараа эргэлт багасч, түрээсээ дийлэхээ болисонтой холбоотой юм.
Энэ хэрээр ажилгүйдэл бий болж хүмүүс юу хийхээ мэдэхгүй байгаа бол зарим нь бизнес төсөлд хамтран ажиллах түнш сонгож авна хэмээн хаа сайгүй зар тавьж байна. Тухайн заруудыг сийрүүлвэл “Гоо сайхан, гэр ахуйн бараа, шүд амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдхүүн, гоёл чимэглэлийн /ээмэг,зүүлт,бөгж гэх мэт/, амин дэм, хүнсний зарим бүтээгдэхүүнийг Европын орнуудаас импортлон, хот хөдөөд ижил үнээр борлуулна. Хамтрач ажиллах, бүтээгдэхүүн борлуулах туршлагатай, цаашид бизнесээ өргөтгөх сонирхолтой, мөн санхүүгийн боломжтой түншийг хамтын ажиллагаанд урьж байна. Аймаг, хот бүрд борлуулалтын нэг төвтэй байхаар төлөвлөж байна” гэсэн зарууд дийлэнхийг эзэлж байна.
Дулааны станц ашиглалтад орохтой холбоотой уурын зуухнуудын засвар хойшлогджээ
Булган аймгийн орон сууцнуудын халаалт 5 сарын 15 – ны өдөр зогссон. Халаалт, цэвэр бохир усны асуудлыг хариуцдаг “Булган мээж” төрийн өмчит компаний ажилчид хийх ажилгүй гадуур юухан хээхэн хийж байна.
Учир юу гэвэл Булган аймагт 3 тэрбум төгрөгөөр босож байгаа Дулааны станц ирэх өвөл Булган нутгийн халаалтыг дангаараа хийж гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаас ийнхүү тэд халаалтын шугам, уурын зуухнуудын тогоо урсгал засвар зэргийг хийхээ хойшлуулаад байна. Өнгөрсөн намар мөн ашиглалтанд орно хэмээн тэдний ажлыг нэлээн хожуу эхлүүлсэн байна. Энэ оны 4 сарын 1 – нд ашиглалтанд орно гэсэн дулааны станц одоо дөнгөн данган 75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэхүү дулааны станц ашиглалтанд орвол “Булган мээж” – ийн 94 машинист, 12 слесарь, 3 механикч ажилгүй болж магадгүй, гэхдээ шинэ станцад ажилтнаар үлдэх байлгүй гэсэн горьдлоготой байгаа гэдгийг “Булган мээж” ХХК – ы ерөнхий инженер, даргын үүрэг гүйцэтгэгч Г.Баярсайхан мэдээллээ.
Хогийн сав хийж байна
Булган аймгийн Булган сумын 1 – р багийн айл өрхүүд 2013 – 2014 онуудад хогийн саваар жигдэрсэн. Булган аймгийн Байгаль орчны газраас 138 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 1 – р багийн 212 айл өрх, мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 90 ширхэг хогийн савыг байрлуулсан нь үр дүнгээ өгч иргэд уусан ундаа усны сав, идсэн чихрийн цаасаа гудманд биш хогийн саванд хийдэг болж байна гэдгийн аймгийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид ярьж байлаа. Тэгвэл энэ онд 2 болон 6 – р багийн иргэдийг ижил хогийн савтай болгох ажил үргэлжилж байна. 180 саяын хөрөнгө оруулалттай тус ажилд тендэр зарлагдан хуулийн дагуу шийдвэрлэж ажилдаа ороод байна. Айлын хашааруу орж хог ачих шаардлагагүй гаднаас нь хавхлаг тагийг онгойлгон ачих боломжтой нь шатахуун хэмнэх, эзгүй байсан ч хогийг султгах зэрэг олон давуу талтай юм.
П.Батням