Тусгаарлах байранд 3358 хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-08-10 11:29:44

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр ажиглан тусгаарлах байранд 289 хүн шинээр орсон бол 26 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Одоогийн байдлаар  3358 хүн тусгаарлалтад байгаа талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, "Тусгаарлах байранд 36 их эмч, 89 резидент эмч, 79 төрийн албан хаагч эмнэлэгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 79 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээр иргэдэд 13 их эмч, 41 сувилагч асрагч эмнэлгийн үйлчилгээ хүргэж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 28 хүн хандаж халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан. Тухайлбал, эмнэлэгээр бага насны хүүхдийг дагуулж явж байна гэсэн сэрэмжлүүлэх мэдээ ирсэн. Эмнэлэг нь коронавирус болон  томуу томуу төст өвчин тархаж болзошгүй эрсдэлтэй орчин учраас бага насны хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Related news