Шуудангийн үйлчилгээний газар гэрт тань хүрч үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-08 16:18:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь аймгийн төв болон бүх суманд шуудангийн үйлчилгээний салбартай.

Нийт 26 ажиллагсадтайгаар шуудангийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, ХААН банкны виза карт, торгуулийн хуудас, мобикомын захидал, тэмдэглэлт өдрүүдийн цэцэгт мэндчилгээ зэрэг хүргэлтийн үйлчилгээнүүдийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хаягаар гэрт нь тогтмол, найдвартай хүргэн өгч байна.

Дэлхий даяар "Ковид-19" цар тахал гарч, улс орнууд хөл хөдөлгөөнөө хязгаарлан хорьсны улмаас тус компани хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагаар хүргэлтийн үйлчилгээгээ өргөжүүлж, Монгол Улсад анх удаа их, дээд сургууль төгсөгчдийн дипломыг шуудангийн салбараар дамжуулан гэрийн хаягаар хүргэх үйлчилгээг хийж байгаа юм.

Одоогийн байдлаар МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, Үндэсний их сургууль, Этүгэн, Аварга, Газарчин, Мандах зэрэг их дээд сургуулиуд хамтран ажиллаж байна. 

            Ихэнх улс орнууд "Ковид-19"-өөс шалтгаалан нислэгийг цуцалж, Монгол Улсын иргэдээ татан авах нислэгүүдийг үйлдэж байгаа учир захиалгат нислэгүүдээр иргэд гадаадын улс орнуудад амьдарч байгаа хайртай дотны хүмүүстээ шуудангаар бүх төрлийн илгээмжүүдийг явуулах бүрэн боломжтой аж.

            Мөн Шуудангийн үйлчилгээний газар нь сумдад өөрийн автомашинуудаар зорчигч тээвэр болон шуудан хүргэлтийн үйлчилгээг  тогтмол үзүүлж байсныг 2019 оны 02 дугаар сараас эхлэн тодорхой шалтгаануудын улмаас зогсоосон. Энэхүү үйлчилгээ зогссоноор албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн яаралтай бичиг захидал саатах, шуудангийн солилцоо хэт удааширч байгаа талаар сум орон нутгийн байгууллагууд, ард иргэдээс хүсэлт ирсний дагуу энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Бэрх, Батноров, Норовлин, Дадал зэрэг суманд тус үйлчилгээг дахин эхлүүлж, хүргэж эхлээд байна. 

Related news