Цагааннуур боомт ариутгалын пунктэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын баруун хойд бүсийн хилийн Цагааннуурын авто замын шалган нэвтрүүлэх боомтод ариутгалын пункт ашиглалтад орлоо.
"COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргиийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар ариутгалын хэсэгтэй болох хүсэлтийг аймгийнхаа Онцгой комисст тавьсны дагуу аймгийн удирдлагаас санхүүжилтийг шийджээ.
Ингэснээр тус боомтод ачаа, тээврийн хэрэгслийг бүрэн ариутган халдваргүйжүүлэн улсын хилээр нэвтрүүлж байна. Боомтод мөрдөх журмыг чангатгаж хил, хяналтын алба хаагч, ажилтнуудын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг мэргэжлийн байгууллага хянан ажиллаж байна.
Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташаант боомттой хиллэдэг. Улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км-т оршдог тус боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг 2005 онд ашиглалтад оруулсан юм.
Цагааннуур-Ташаантын боомтоор зорчигчдыг 3 дугаар сарын 23-наас нэвтрүүлэхгүй болсон. Харин ачаа тээвэр хэвийн явагдаж байна.