Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-06-13 18:52:53

Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай зургадугаар сарын 13-нд танилцлаа.

Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  тус тус гүйцэтгэж байна.

“Өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд эхэлж байсан бүтээн байгуулалтын газар шорооны ажил 87 хувьтай,  далан хоолой ажил 50 хувьтай байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 01 гэхэд газар шорооны ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн.

Төмөр замчид 50 км төмөр замыг барьж дуусгаж, нийт 200 км далан хоолойн ажлыг хийж гүйцэтгэлээ” гэж Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх ярив.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төмөр зам бол улсын хөгжил дэвшлийн төмөр судас юм. Бид улс орноо авто замаар, төмөр замаар холбох ёстой. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чаддаг болсон. Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын сүлжээг ашиглалтад оруулснаар эдийн засгийн асар их үр өгөөж гарна.

Тавантолгойн нүүрсээс гадна зам дагуух 30 км-ийн тойрогт байгаа бүлэг ордуудыг эргэлтэд оруулж улсын эдийн засгийг  тэтгэх, улмаар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Бид түүхийг бүтээж байна.

Энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа Зэвсэгт хүчин, УБТЗ, бусад компаниуд, мэргэжилтнүүд гээд гар бие оролцож байгаа бүх хүнд талархал илэрхийлье” гэв. 

Related news