Г.Цогбаяр: Сийлбэр бол хүний оюун ухааны дээд илтгэмж юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголчуудын өв соёл, зан заншлыг модны урд шингээн урлагийн бүтээл хийн, түүх соёлоо сурталчилж буй уран сийлбэрчин Г.Цогбаярыг “Хэнтийн брэнд” буландаа урилаа.
-Юун түрүүнд уншигч олонд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганбаатарын Цогбаяр гэдэг. Хэнтий аймгийн Биндэр
суманд төрж өссөн. Бага нас минь Мандалхаанд өнгөрсөн. Сумынхаа арван жилд
суралцсан. Бага байхаасаа л уран зураг, наамал, сийлбэр зэрэгт ур чадвараа
сорьж, хөгжүүлж эхэлсэн. Сургуулийнхаа уралдаан тэмцээнд хийсэн бүтээлээрээ жил
бүр л тэргүүн байрын шагналыг авдаг байлаа. Мөн “Хүүхдийн ордон”-ы медалиар энгэрээ
мялааж байсан.
-Уран сийлбэрт удмын авьяас
яалт ч үгүй чухал байх. Таны хувьд уг чадварыг хэнээс өвлөж авсан бэ?
-Манай удамд сийлбэр, модон эдлэл хийдэг хүн байхгүй. Би өөрөө уран зураг,
сийлбэрт их сонирхолтой учир цаг л гарвал наамал, зураг зурж, сийлбэрээ хийдэг
байсан.
-Та хэзээнээс сийлбэр, модон
эдлэл хийж эхэлсэн бэ?
-Таван жилийн өмнөөс буюу 2015 оноос эхлэн хувиараа
тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэрэглэгчид олон, захиалга их байдаг. Одоогоор
коронавирусний халдварын улмаас захиалга бага зэрэг буураад байгаа. Хэрэглэгчид
миний урласан бүтээлийг авахдаа “Ёстой гоё болсон байна. Баярлалаа” гэх зэргээр
талархсанаа илэрхийлдэг. Энэ нь надад маш сайхан урмын үг болж, сэтгэл өег
болдог. Ер нь хүмүүс урмын үг их хэлдэг. Энэ л миний ажлаасаа авах сэтгэл
ханамж гэж болно.
-Модон эдлэлээс гадна уран
сийлбэр хийдэг шүү дээ. Сийлбэртээ монгол ахуй, ёс заншлыг шингээдэг байх. Ер
нь сийлбэрийг монгол арга ухаан гэж болох нь ээ?
-Модон сийлбэрт ихэнхдээ монгол ёс заншил, өв соёлоо
шингээж урладаг учир монгол арга ухаан гэж болно. Нэг үгээр монгол ахуйд
тулгуурлан сийлбэр хийдэг гэсэн үг. Гаднын улс оронд модон сийлбэр байдаг ч
битүү сийлбэрйин арга ухаан зөвхөн Монголд л байдаг. Модоор сийлбэр хийх үед
холтос, золомны нүх таарах магадлалтай учир модныхоо нягтыг сайтар тооцоолж
хийх хэрэгтэй болдог.
-Сийлбэрийг анх хүнээр
заалгуулж сурч байв уу?
-Модон сийлбэрийг ингэж хийдэг юм гэж зааж сургасан хүн
байхгүй. Өөрийн сонирхол, дотоод сэтгэхүйгээрээ бүтээлүүдээ урладаг гэж болно.
Тусгай сийлбэрийн сургуульд ч сурч байгаагүй. Бага байхаасаа л өөрөө оролдсоор
байгаад сурсан. Миний ээж намайг их дэмждэг байсан. Тиймдээ ч өөрийн хүсэл
сонирхол, хоббигоо ур чадвар болгон хөгжүүлэхэд томоохон түлхэц болсон гэж
боддог.
-Таван
жилийн хугацаанд нийт хэчнээн бүтээл урласан бэ?
-2015 оноос хойш өдийг хүртэл нийт 1200 орчим бүтээл
урласан байна.
-Хамгийн их сэтгэлээ шингээж
хийсэн бүтээл юу байна вэ?
-Бүх л бүтээлээ хөдөлмөр оюунаа шингээж урладаг. Ханын цаг, төрөл бүрийн
модон сувинерүүд, монгол авдар, тавилга гэх бүтээлүүд урладаг. Сийлбэрийн урлаг
гэдэг хүнээс асар их тэвчээр шаарддаг. Бүтээлийн материал болох модны ур гэдэг
хүнд, хатуу.
-Бүтээлүүдийн модыг хэрхэн
сонгодог вэ?
-Сийлбэрийг урлахдаа ямар ч хамаагүй модоор хийж болохгүй нь мэдээж.
Ихэнхдээ хуш, нарс, хус модоор бүтээлээ урладаг. Сийлбэрийн мод хайж хэдэн
өдрөөр уулын хяр, бэлээр явах тохиолдол ч гардаг.
-Та хэзээ, ямар бүтээлд хамгийн
урт хугацаа зарцуулсан бэ?
-Гараас гарч байгаа бүтээл бүхэн өөрийн онцлогоос хамаарч
тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг. Сийлбэр бол хүний оюун ухааны дээд
илтгэмж юм. Тиймдээ ч ур чадвар шаардсан томоохон бүтээл 10-20, модон жижиг
сувинерийг 4-5 хоногт хийж дуусгадаг.
-Модон эдлэл, сийлбэр зэрэг
бүтээл урлахад удаан хугацаагаар сууж ажилладаг гэлээ. Үүнд их тэвчээр тайван
байдал шаардагддаг байх?
-Ерөнхийдөө гадна орчноос тусгаарлагдаж, удаан хугацаагаар сууж ажилладаг
учир нуруу өвдөх үе их гарна. Тиймдээ ч их тэвчээр дээрээс нь сэтгэл шаарддаг
урлаг.
-Ярилцсанд баярлалаа.

