Бичил уурхайнуудад гэнэтийн шалгалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт уул уурхай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 нөхөрлөл, ААН-д гэнэтийн шалгалт хийж алдаа дутагдлыг газар дээр нь арилгууллаа.
Ажилтнуудад
хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн талаар бүртгэл хөтөлдөггүй,
авсан талаар гарын үсэг зуруулдаггүй, ажилтны аюулгүй байдлыг хангаж шаардлагад
нийцсэн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангаагүй, ажил гүйцэтгэхэд
шаардлагатай багаж хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй, эмнэлгийн
анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, хэрэгсэл байхгүй, бичил уурхайн
талбайд хүн мал унаж гэмтэхээс хамгаалсан хаалт хашлага анхааруулах самбар,
тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Ихэнх уурхайнууд
нэг босоо ам буюу нэг гарцтай, босоо аманд хамгаалалтын хүрээ хийж “Аюултай”
гэсэн анхааруулга тэмдэг байхгүй, босоо аманд ашиглаж байгаа өргүүр бүрэн бүтэн
биш, өргүүрийн ган татлага нь шаардлага хангаагүй, ашиглахгүй болсон ба шинээр
гаргасан аманд хаалт хамгаалалт хийгээгүй зэрэг зөрчлүүд мөн түгээмэл байна.