Д.Нарантуяа: Судалгаагаар иргэдийн 73 хувь нь амны хаалтаа тогтмол зүүж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-05-17 17:37:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс иргэдийн дунд судалгаа явуулжээ. 

Тандалт, судалгаанд оролцсон нийт иргэдийн 73 хувь нь амны хаалтаа тогтмол зүүдэг гэж хариулсан бол спиртэн суурьтай гар ариутгагчийг 84 хувь нь хажуудаа байлгаж хэрэглэж байгаа гэж хариулжээ. "Үүнээс бид иргэдийг "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ойлголттой болсон байна гэж дүгнэж байна" гэж НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа өнөөдөр ЭМЯ-нд хийсэн ээлжит мэдээллийн үеэр хэлэв. 

Тэрээр, “Бид улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудтай мэдээ, сургалт сурталчилгааны сүлжээ үүсгэж, цахимаар иргэд өөрсдийгөө үнэлсэн байдалд тандалт хийсэн" гэв. Тодруулбал, "COVID-19"-ийн халдвартай холбоотой цахим орчинд гарч буй эерэг, сөрөг мэдээлэлд тандалт хийж, өдөр бүр ЭМЯ-ны эрсдэлийн үнэлгээний багт хүргүүлж байна. 

Түүнчлэн НЭМҮТ-ийн судлаачид цаг тутам "COVID-19"-ийн халдвартай холбоотой олон улсын судалгаатай танилцаж, дүн шинжилгээ хийж байна” гэв.

Тандалтаар мөн "COVID-19"-өөс шалтгаалан иргэдийн өдөр тутмын амьдралд өөрчлөлт орсон гэж 100 хувь хариулжээ.

НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа цааш нь хэлэхдээ, "Өнөөдөр үндэсний хэмжээнд гар угаах нөхцөл, ахуйн хог хаягдал, нүхэн жорлонгийн талаар эрүүл ахуйн шаардлага, зөв дадлыг хэвшүүлэх чухал шаардлагатай байна. Бид НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл ахуйн аяныг улсын хэмжээнд 5 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1-нийг хүртэл зарласан. Иргэдийг бидэндтэй нэгдэж ажиллахыг уриалж байна” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Related news