Дундговийн Засаг дарга Хэвлэлийн эрх чөлөөний өдөр мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-03 19:34:51

Дундговь аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ тус аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдад Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлсэн байна.

Тэрээр мэндчилгээндээ, “Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг ЮНЕСКО-гоос "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон зарласнаас хойш 23 жил өнгөрсөн байна. Өнөөдөр манай гарагийн мянга мянган сэтгүүлч энэ өдрийг ёс төртэй тэмдэглэж байгаа энэ үед аймгийн төр, захиргааны байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж төр, ард түмний хооронд гүүр болж яваа “Үзгэн зэвсэгтэй, үгэн сумтай” дайчид та нартаа аймгийн төр, захиргааны байгууллагын өмнөөс болон хувиасаа энэхүү мэндчилгээг дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Манай аймагт гурван телевиз, нэг сонин үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын радио, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч сурвалжлагч болон чөлөөт уран бүтээлчид аймгийн ИТХ, ЗДТГ-тай өдөр тутмын нягт холбоотой ажиллаж Дундговьчуудын ажил үйлс, амжилт бүтээл, нөр их бүтээн байгуулалтыг аймаг орон, бүс нутаг төдийгүй Монгол орон даяар сурталчлан түгээж байгаа оюуны нөр их хөдөлмөрийг аймгийн төр, захиргааны байгууллага, олон нийт өндөр үнэлж байна. Хойшид ч үнэлэх болно.

Мэдээллээр амьсгалж, амьдарч буй энэ эрин үед сэтгүүлч та бүхэн нийтийн эрх ашгийн төлөө, шударга ёсны төлөө, ил тод байдлын төлөө тэмцэгчийн ариун үүргээ ухамсарлаж, нийгмийн урагшлан дэвших, хөгжих хөдөлгөөнд цаашид ч чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Сонин, сэтгүүл, телевизийн ажилтан, мэтгэжлийн сэтгүүлч Та бүхний үзэг нь хурц, үйлс нь ариун, үнэний мөр цагаан, ажил, амьдрал нь өөдрөг, өрнүүн байхыг ерөөе” гэжээ.

 Т. Отгонтуяа

 

Related news