Их засварын ажил энэ сараас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:46:52

Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн холбогдолтой мэдээллийг хүргэдэг. Энэ удаагийн уулзалт 5 сарын 2-ны өдөр болж ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар  ИТХ-аас гарсан тогтоол шийдвэр, хаваржилтын байдал, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Өнгөрөгч сард аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хоёр удаа хуралдахдаа 17 асуудлыг хэлэлцэж, найман тогтоол гаргасан байна. Хэлэлцсэн асуудлын дийлэнх нь орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өнгөрсөн жилийн ажлын тайлан байсан бөгөөд өнгөрөгч сарын 29-ний хуралдаанаар “Онги ус суваг” орон нутгийн өмчит компани, Арвайхээр тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын тайланг хэлэлцжээ. Тохижилт үйлчилгээний компаниас Арвайхээр сумын тохижилт, цэвэрлэгээ, хог, нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн паркын үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа талаар санал ирүүлсэн бөгөөд цаашид орон нутгийн захиргааны зүгээс дэмжлэг үзүүлж, паркаа шинэчилсэн аймгуудын туршлагаас судлан засварлан шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг тус компанид даалгасан байна.

Харин “Онги ус суваг” орон нутгийн өмчит компани өнгөрөгч жилд багагүй ашигтай ажиллаж, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмсэн гэх сайн мэдээллийг өглөө. Гэвч Арвайхээр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 46 ус түгээх байрны хэвийн ажиллагаа тулгамдсан асуудал болоод байгаа юм. Энэ тухайд ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж ус түгээгч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг “Онги ус суваг” компаниас төлөх, тэднийг урамшуулж, жил бүр нүүрсний хөнгөлөлт олгох зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Аймгийн Засаг даргын зүгээс хаваржилтын байдлын талаар мэдээлэл хүргэсэн юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 1,8 сая мал төллөхөөс 1,3 сая нь буюу нийт малын 73 хувь нь төллөөд байна. Бог малын 90 орчим хувь нь төллөсөн бол үхэр 32, адуу 13, тэмээ 44 хувьтай төллөөд байгаа аж.  Төл малын бойжилт 99 хувьтай байна.

Аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажил энэ сараас эхэлж, Арвайхээр суманд баригдах гурван өрхийн эмнэлгийн барилгын үнэлгээний ажил дуусч гэрээ байгуулах шатандаа явж байгаа бол Баян-Өндөр сумын цэцэрлэг, Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургууль, Хужирт сумын спорт заалны засварын ажил энэ сарын 15-аас эхлэх юм байна. Үүнээс гадна Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэг, Бат-Өлзий сумын 60 хүүхдийн цэцэрлэг, Баруунбаян-Улаан сумын цэцэрлэгийн ажил үнэлгээний шатандаа явагдаж байна.

Таван сардаа багтаж дээрх ажлуудын гүйцэтгэгч шалгаран барилгын ажил эхлэх талаар аймгийн Засаг дарга хэллээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Related news