Малчид ноолуураа 85 мянгаас доош үнээр худалдахыг хүсэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-20 17:34:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолоор аймгуудад ноолуур худалдан авах доод үнийг тогтоогоод байгаа.

Дорноговь аймагт малчдаас ноолуур авахдаа хадгалалт, хамгаалалтыг харгалзан ноолуур худалдан авах доод үнийг 85,000 төгрөгөөр тооцсон бөгөөд одоогоор ямар нэгэн компани шалгарч малчдаас ноолуур аваагүй хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Тус аймаг 2.4 сая толгой малтай. Үүний нэг сая гаруй нь ямаа юм. Дорноговь аймгийн малчид жилдээ 260 мянга орчим тонн ноолуур самнаж худалдаанд гаргадаг аж. Тиймээс малчид ноолуураа 85 мянган төгрөгөөс дээш үнээр худалдахаар борлуулахгүй байгаа аж.


Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй онлайнаар хуралдав


Дорноговь аймгийн ХХААГ-аас сумдын хөдөө аж ахуйн мэргэжитнүүдтэй онлайн хурлыг зохион байгууллаа. Хурлаар хаваржилтын байдал, отор нүүдэл, мал төллөлт, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын зохион байгуулалт, чанар, үр дүн, ноолуурын бэлтгэл ажил, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд тусгагдсан өөрчлөлт, анхаарах асуудал, хаврын тариалалт, тариаланчдад бодлогоор дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон байна.

Сумдын Хөдөө аж ахуйн тасаг тухайн үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөгч малчдаас ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтыг хүлээн авч, малчны овог нэр, хаяг, 2019 оны жилийн эцсийн ямааны “А” дансыг үндэслэн ноолуурын хэмжээний нарийвчилсан жагсаалтыг гаргах учиртай аж.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төслийг Хөгжлийн банкин дээр судалж байгаа бөгөөд шалгарсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ХХААХҮЯ-тай ноолуур худалдан авах доод үнийг хүлээн зөвшөөрч бодлогын гэрээ байгуулсны үндсэн дээр орон нутгаас ноолуур бэлтгэх ажлыг эхлэх юм. 


Малчдын тоо өсжээ


Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд, тус аймгийн мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчдын тоо 2010 оноос жилд дунджаар 0.99 хувиар өссөн байна.

Нийт малчдын 2958 буюу 42.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 30.6 хувь нь 16-34 насныхан, 53.7 хувь нь 35-59 насныхан, 15.6 хувь нь тэтгэврийн насныхан юм.

Малчдын боловсролын түвшнийг 2018 оны байдлаар авч үзэхэд 23.9 хувь нь бага, 40.3 хувь нь суурь боловсролтой, 22.5 хувь нь бүрэн дунд, 6.2 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 3.2 хувь нь дээд боловсролтой байгаа бол 4.0 хувь нь боловсролгүй байна.

Related news