Японы томоохон компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоохоор болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа коронавирусний халдварын эсрэг дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Сингапур улсад өнгөрсөн хоногт коронавирусээр халдварласан
хүний тоо 447-гоор нэмэгдэж нийт 3 699 тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан
тохиолдлын хавьтлуудыг илрүүлж шинжилгээ хийх талд тус улс сайн ажиллаж
байгаа. Тухайлбал, нэг сая хүнд ногдох шинжилгээний тоо 12 800 орчим байгаа нь
дэлхийд өндөрт тооцогдож байна. Харин гэрийн дэглэмд байх ёстой
хүмүүст өдөрт хэд хэдэн удаа байршлаа илтгэх мессэж явуулж, гэртээ байгаа
эсэхэд нь хяналт тавьж байгаа аж.
Япон улсад өчигдөр шинээр 549 тохиолдол бүртгэгдсэний 127 нь
Токио хотод, нийт халдварын тохиолдлын тоо 8 700 давжээ. Шинээр 17
нас баралт бүртгэгдсэн бол нийт 1 546 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар
170 гаруй хүний биеийн байдал хүнд байна. Мөн тус улсын зарим томоохон ААН,
байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсоож хүмүүсийн бөөгнөрлийг хумих арга
хэмжээ авч эхэлж байна. Тухайлбал, Тошиба корпораци энэ сарын 20-ноос 5 дугаар сарын
6-ныг хүртэл Япон улс дахь үйл ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ
шийдвэрт тус байгууллагын 76 мянга гаруй
хүн хамрагдах аж. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо амны хаалт,
амьсгалын аппаратын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар томоохон компаниудын
захирлуудтай цахим хурал хийжээ. Энэ үеэр
"SONY" компани бусад үйлдвэрлэгчидтэй хамтран амьсгалын
аппарат үйлдвэрлэхээр болсноо мэдэгдсэн байна.
Африк тивд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотой Ангол, Зимбабве зэрэг
улс хөл хорио тогтоожээ. Мөн Малави улс шинээр хөл хорио тогтоосон байна.
Португал улс 3 дугаар сарын 18-нд тогтоосон хөл хориог 5 дугаар сарын 1-нийг хүртэл сунгажээ Тус улсын иргэд хөл хорионы дэглэмийг сайтар сахисны үр дүнд тархалт буурч байна хэмээн эрх баригчид нь мэдээлжээ.