Монгол Улсад коронавирусээр халдварласан 31 дэх тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-16 11:29:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас энэ сарын 11-нд ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад  уг вирусээр халдварласан 31 дэх тохиолдол бүртгэгдлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэв.


ОХУ-аас энэ сарын 11-нд татан авсан 282 иргэнээс 20-ыг ХӨСҮТ-д, "Асралтмед” эмнэлэгт 28, "Амар” зочид буудалд 80, "Бага баян” амралтын газарт 41, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд хоёр хүнийг тусгаарлаад байсан юм. “Амар” зочид буудалд тусгаарласан 11 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс нь ийнхүү коронавирус илэрсэн байна.


Батлагдсан 31 тохиолдлоос 5  нь эдгэрсэн бол 26 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.


Өчигдөр ХӨСҮТ-ийн төв лабораторид нийт 84 хүнд буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хяналт тандалтаар ажиллаад ирсэн эмч мэргэжилтэн болон 44 тээврийн жолооч, 25 хүнд тандалтын зорилгоор, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.


Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 245 хүн хяналт, тандалтад байна.

Related news