“Цахим дархан-2” төслийн үр дүнг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-30 13:13:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-9 дүгээр багийн төрийн болон ААНБ, хэрэглэгчдийг “Өргөн зурвасын өндөр хурдны интернэт”-ийн сүлжээ, шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбох “Цахим Дархан-2” төслийн гүйцэтгэл, үр дүнг танилцуулах өдөрлөг болов.

Өдөрлөгт Дархан сумын 4-9 дүгээр багийн төрийн болон ААНБ, иргэдийн төлөөлөл, тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Цахим Дархан төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бөгөөд төслийг хэрэгжүүлэгчээр Монголын Цахилгаан холбоо ХК, Төслийн гүйцэтгэгчээр Дархан-Уул аймгийн Холбооны газар ажилласан байна. 
2017-2018 онд хэрэгжүүлсэн “Цахим Дархан-1” төслийн хүрээнд хэрэглэгчдийг өндөр хурдны шилэн кабелийн үйлчилгээнд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2019 онд хэрэгжүүлсэн “Цахим Дархан-2” төслийн хүрээнд хэрэглэгчдийг өргөн зурвасын өндөр хурдны интернэтийн үйлчилгээнд холбосон байна.

Ингэснээр Дархан сумын 4-9 дүгээр багт өнөөдрийн байдлаар нийт 6ш WIFI /Access point/ төхөөрөмж байрлуулж, хэрэглэгчдэд WIFI картаар үйлчилгээ үзүүлж байна. 60 гаруй хэрэглэгчдэд доорх картуудыг ашиглан интернэтэд хэрэглээ хязгааргүй холбогджээ. Мөн 2019 онд Дархан сумын 4, 6, 7, 8, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрийн гудамж талбайг камержуулах ажлыг "Тотал технологи” ХХК улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн тухай аймгийн Цагдаагийн газраас танилцууллаа.

Ийнхүү техникийн нөхцөл боломж тааруу багуудад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бизнесийн байгууллага, хувь хэрэглэгчдийг өргөн зурвасын өндөр хурдны WIFI сүлжээнд холбож, интернэтийн хурдыг сайжруулж хэрэгцээ шаардлагыг хангасанд болон камержуулж иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэнд тус багийн иргэд талархалтай байлаа.

Өдөрлөгийн үеэр WIFI картууд болон суурин утас, интернэт хосолсон өрхийн хэрэглээний багцуудыг танилцуулж, байнгын хэрэглэгчдээ МЦХ ХК-ийн гарын бэлгээр урамшуулсан юм.

Related news