Энэ сарын сүүлчээс цаг агаарт зориудаар нөлөөлж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-19 22:02:44

Аймгийн УЦУОШ- ний газар цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж ажиллахад бэлэн болсон байна. ЦУОШ- ний газрын даргын тушаалаар цаг агаарт зориудаар нөлөөлөх хугацааг гуравдугаар сарын 21- нээс аравдугаар сарын 15 хүртэл зөвшөөрчээ.

Дундговь аймгийн хувьд цаг агаарт зориудаар нөлөөлөх хоёр баг ажилладаг. Энэ сард хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх боломжит нөхцөл хоёр удаа бүрдсэн ч агаарын температур дулаараагүй, мал төллөлтийн ид үе байсан тул үүлэнд нөлөөлөхийг хойшлуулсан байна. Харин одоо бог малын төллөлт дуусч байгаа тул энэ сарын сүүлчээр тохиох хур тунадасны үүлэнд зориудаар нөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа гэж УЦУОШ- ний газрын дарга Я.Мажаасүрэн хэллээ. Одоогийн байдлаар 30 пуужин нөөцөд байгаа.  Энэ бол 3- 4 удаа үүлэнд нөлөөлөх нөөц тул нэмж пуужин авахад  дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдэх чигтэй байгаа гэлээ.

Байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээ эрс багассан ийм үед үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх нь багагүй үр дүн өгдөг байна. Жишээлбэл, өнгөрсөн жил зуны их халалтаас урьтаж 7 удаа үүлэнд нөлөөлсөнөөр аймгийн баруун талын сумдын нутгаар зуншлага сайжирч, энэ хэрээр өвлийг хүндрэл багатай давсан байна.

   Т. Отгонтуяа

Related news