Архи тамхины эсрэг нийтлэлийн уралдааны тэргүүн байрт 77 настай Л.Сандуй шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс Сайншанд сумын салбар зөвлөлтэй хамтран архи, тамхи, мансууруулах бодисын хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулсан “Архи, тамхины эсрэг хамтдаа” асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааны шилдгүүд тодорлоо. Шалгарсан оролцогчдын шагналыг ИТХ-ын дарга С.Түмэнбаяр арван хоёрдугаар сарын 21-нд гардуулав.
Уралдаанд 30 гаруй иргэн нийтлэл ирүүлсэн бөгөөд оновчтой
шинэлэг
санаа дэвшүүлсэн Сайншанд сумын иргэн Л.Сандуй тэргүүн байрт, хоёрдугаар
байрт
Сайншанд сумын иргэн М.Биндэръяа, гуравдугаар байрт Сайншанд сумын иргэн
Ч.Галя нар тус тус
шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Мөн зургаан
тусгай байрыг шалгаруулж ном, гарын бэлэг гардуулав.
Сандуй гуай 1960-аад оноос Дорноговь аймгийн ууган хэвлэл “Ялалт” сонинд цайр зурагчнаар ажлын гараагаа эхэлснээс хойш 1990 он хүртэл сэтгүүлч сурвалжлагчаар ажиллажээ.
Хурдан морь, гэрэл зургийн чиглэлээр 10 гаруй бүтээл туурвисан тэрбээр эдүгээ 77 насыг зооглож байгаа. Зүгээр суудаггүй, зохиол бүтээл туурвиж нийгмийн амьдралд идэвх санаачилгатай оролцдог тэрбээр дэвшүүлсэн нийтлэлдээ эзэн Чингис хааны сургаалиас жишээ татаж архи, тамхи зэрэг хорт зуршлыг тухайн хүн өөрөө хэрэглэхгүй байхад амьдрал ахуй, ажил үйлс нь бүтэмжтэй байж нийгэмд зөв, эерэг үйлсийг үлгэрлэн манлайлж болдог талаар дурджээ.
Мөн төрийн байгууллагуудын хууль тогтоомжийн уялдаа холбоо хийгээд тогтоол шийдвэрүүд тодорхой байх, хуулийг бүх түвшинд нарийн чанад сахин биелүүлдэг байх талаар өөрийн санал бодлоо дэвшүүлсэн байна.
Манлайлагч салбар зөвлөлөөр Замын-Үүд
сумын салбар шалгарав
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн 2019 оны 02 дугаар тогтоолоор зарласан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд манлайлагчдыг
шалгаруулах уралдаан"-ны манлайлагч салбар зөвлөлөөр Замын-Үүд сумын ГХУСАСЗ шалгарч өргөмжлөл, 500000 төгрөгөөр шагнуулав.
Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд манлайлагч аж ахуйн нэгж байгууллагаар “Монцемент билдинг материалс” ХХК шалгарч өргөмжлөл, 500000 төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд манлайлагч засаг захиргааны багаар Сайншанд сумын дөрөвдүгээр баг өргөмжлөл, 500000 төгрөгөөр шагнуулав.
Мөн ноцтой гэмт хэргийг илрүүлсэн төрийн тусгай алба
хаагчаар аймгийн цагдаагийн
газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Энхбаатар өргөмжлөл 300000 төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд
манлайлагч олон нийтийн
цагдаагаар Сайншанд сумын Олон нийтийн цагдаа Ц.Доржренчин шалгарч өргөмжлөл,
300000 төгрөгөөр тус тус шагнууллаа.
Иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 29.6 хувиар буурчээ
Аймгийн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс 2019 оныг зөвлөлийн гишүүн байгууллагуудын
уялдаа холбоог сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн
алба хаагчид, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагыг татан
оролцуулах чиглэлээр анхаарч ажиллажээ.
Иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутагт зонхилон гардаг гэмт хэрэг, өнгөрсөн онд өссөн тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилтын хүрээнд гурван чиглэлийн 83 үйл ажиллагааг төлөвлөж ажилласнаас ажлын гүйцэтгэл 94,7 хувьтай байгаа аж.
Тухайлбал, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох 150 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулж хэлэлцүүлгээс гарсан саналыг хэрэгжүүлж ажилласан байна.
Мөн аймгийн салбар зөвлөлөөс “Гэр бүл, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой хууль эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл ном”-ыг 150 ширхэгийг хэвлүүлж холбогдох албан хаагчдад гардуулан үйл ажиллагаанд нь дэмжлэг болжээ.
Иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулснаар орон нутагт зонхилон гардаг энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 нэгжээр буюу 29,6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Иргэдтэй хамгийн ойр
ажилладаг багийн ажилтнуудаар дамжуулан тодорхой архины хамаарал бүхий гэр
бүлийг сонгож архинаас гаргах, ажил орлоготой болгоход нь дэмжлэг үзүүлэх
чиглэлийг тусгасан “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай
тэмцэхэд зорилтот бүлгийн иргэдийг идэвхжүүлэх нь” төслийн уралдааныг Сайншанд
сумын нийт долоон багийн дунд зарлаж нийт гурван багийн төслийг шалгаруулан хэрэгжүүлж буй.
Аймгийн
нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгж
байгууллагын ажилтнуудыг аймгийн ГХУСАЗСЗ-өөс баталсан хуваарийн дагуу гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гудамж талбай, олон нийтийн газруудад
хяналт тавьж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж,
цагдаагийн алба хаагчдын хамт эхний 11 сард нийт 114 байгууллагын 1162 иргэн
эргүүлд үүрэг гүйцэтгэн гудамж, талбай олон нийтийн газар гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж ажиллажээ.
Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг иргэд олон нийтийн оролцоонд түшиглэн, тэднийг соён гэгээрүүлж эрх зүйн ухамсрыг нь дээшлүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахад анхаарч ажиллахаар төлөвлөгөөнд тусгажээ.