“Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулган болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ“Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулган Дархан хотын “Блү Скай” зочид буудалд болов. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд “JCI Монгол” байгууллага нь “Хүний хөгжлөөс-Бүсийн хөгжилд” концепцийг гарган ажиллаж байгаа бол энэ хүрээнд тус чуулганыг зохион байгуулж байгаа юм байна.
Чуулганд Монгол Улсын бүсийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлж энэ сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож хэлэлцэхээр 21 аймгийн төлөөлөл болсон 120 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус иржээ. Энэ үеэр таван бүсийн хөгжлийг харьцуулж өрсөлдөх чадварыг нь тодорхойлж “Бүс нутгийн брэндинг”, “Кластер хөгжил”, “Хувь хүний хөгжил-манлайлал” сэдвээр сургалтууд явагдаж чөлөөт уулзалт, ярилцлага болж байна. Тухайлбал, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн дэлхийн чиг хандлага, нээлтүүд”, Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн төслийн удирдагч н.Батгэрэл “Сluster” сэдвээр илтгэл тавьж “Дэйл Карнеги” төвөөс манлайллын чиглэлээр ярилцлага хийжээ. Түүнчлэн аймаг орон нутгийн нийгмийн идэвхтэй давхаргын төлөөлөл болох залуучуудтай хамтарч тухайн орон нутгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг хийж судалгаа шинжилгээнд үндэслэсэн олон улсын жишгүүдээс санал болгов.
Мөн тэдэнд зориулсан тодорхой сургалт, уулзалт зохион байгуулж цаашид тухайн орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах зэргээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж зөвлөмж гаргалаа.
Б.Норовсамбуу