"Жишиг хороолол"-д 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд долоо хоног бүрийн Лхагва гарагт аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй хамт орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байхаар болсон юм. Энэ удаад 2016 онд Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
2016 онд Дархан суманд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Тус сумын 6 дугаар багийн “Баяндаваа”-ны тавдугаар гудамж, 15 дугаар багийн “Мангирт”-ын дөрөвдүгээр хэсэг, 11 дүгээр багийн 3, 4 дүгээр байрын дунд, 7 дугаар багийн гуравдугаар хэсэг зэрэг нийт дөрвөн байршилд 170 орчим сая төгрөгийн “Хүүхдийн тоглоомын талбай”-г байгуулах юм. Аймгийн Засаг даргын ахалсан ажлын хэсэг Хүүхдийн тоглоомын талбайн байршил, зураг төсөв, цахилгааны эх үүсвэртэй танилцсаны зэрэгцээ тоглоомын талбайтай болсны дараагаар ашиглалтыг нь хэн, хэрхэн хариуцах талаар багийн Засаг дарга нартай санал солилцлоо.
Мөн ОНХС-ийн хөрөнгөөр Дархан сумын гуравдугаар баг дахь 1.7 км үерийн далангийн дагуу 37 ширхэг гэрэлтүүлгийг байрлуулна. Тус гэрэлтүүлгийн тусгалын байршлыг энэ үеэр тодорхойлж далангийн зүүн талд байршуулж баруун тийш нь тусгахаар боллоо. Энэ үеэр Дархан сумын “Хөтөл хороолол”-д гүний худаг байгуулах байрлалыг өөрчлөх шийдвэр гаргасан юм. 2016 онд "Жишиг хороолол-4" хөтөлбөр Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад хэрэгжинэ. Тус хөтөлбөрийг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөний дагуу "Жишиг хороолол"-ын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх зам, талбай, гэрэлтүүлэг байрлуулах газруудтай танилцсан нь энэ юм.
Б.Норовсамбуу