Газар тариалангийн анхны эмэгтэй баатар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-20 23:07:50

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Лида 1942 онд Хэнтий аймгийн Хэнтий суманд (хуучнаар) Дунд жаргалант нэртэй газар Д.Батгомбын ууган охин болж төржээ. Аав Батгомбо нь Хэнтий сумын анхны тракторчин, механикжуулагч байсан нь (уйгаржин монгол бичгээр бичигдсэн  үнэмлэхтэй) түүнийг тариаланч болоход их нөлөөлсөн байна. Бага наснаасаа тариаланчийн өвөр дээр өссөн тэрээр сонирхолдоо хөтлөгдөн 1970 онд Өндөрхааны САА-н трактор комбайны курс анх нээгдмэгц орж суралцан төгссөнөөр мэргэжлийн трактор комбайнч болжээ.

1972 онд гэр бүлийн хамт Дархан САА-д шилжин ирж, газар тариалангийн салбарт тасралтгүй 23 жил ажиллахдаа 1978-1983 онд ургацын Улсын аварга цолыг дөрвөн удаа, 1981 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1984 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнуулсан юм. Тэртээ 1981 онд уриншийн ажил ид өрнөж байх үед Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг тариан талбайд нь гардуулан зүүж өгсөн нь одоог болтол сэтгэлд нь тодхон байдаг гэнэ.

1978 онд Охидын салаа-г санаачлан байгуулж, өөрийн мэргэжил нэгт эмэгтэйчүүдийн хамт 3000 га газрыг гэрээгээр хүлээн авч, тухайн үеийн САА-н ургацын дунджаас 4,4 центнерээр илүү ургац хурааж байсан нь Монгол Улсын газар тариалангийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

-Манай охидын салаа өдөр, шөнийн ээлжинд ээлжлэн ажиллаж тракторыг сул зогсоодоггүй байсан бөгөөд өөрсдийн ажлыг дуусгаад өөр бригадын ажилд туслахаар вагончикоо чирээд нүүдэллэн очдог байв. Миний нөхөр Б.Гандугар техник, төхөөрөмжийн засвар, тохиргоог тогтмол хийж байнгын бэлэн байлгадаг, өвлийн цагт техник засварыг хийж гүйцэтгэдэг. Мөн САА-н зүгээс даалгасан ажлыг (уулнаас мод цагаалах, тээвэрлэх, өвс тээвэрлэх, бэлчээрийн цас ярах, талбайн сүрлэн бухлыг хамах) хамтдаа хийж гүйцэтгэдэг байлаа.

Бригад суурингаас тариан талбай хүртэл явдаг техникийн сул явалтыг үр бүтээлтэй болгохын тулд гэр бүл, салааны хамт олны хамт тухайн ажлын талбарт нүүдэллэн ажилладаг болгосон нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн. Баг хамт олны хийж бүтээх чин эрмэлзэл, уринш үрлэгээг технологийн горимын дагуу чандлан мөрдөж ажилладаг, шинэ санал санаачилгыг цаг алдалгүй нэвтрүүлж байсан зэрэг нь ажлын бүтээмж өндөр байх салшгүй хүчин зүйлүүд юм. Талбайд ямар хог ургамал ургасан байна, түүний биологийг судлах ёстой. Түүний үрийг талбайд хаяулахгүй байхыг их анхаарна. Мөн тухайн жилийн хур тунадас, цаг агаарын байдлаас шалтгаалан уринш боловсруулахдаа бас л онцлогт нь тохирсон үр бүтээлтэй арга бодох болдог гэх мэт дурсах зүйл их. Тухайн үед эрэгтэй болон эмэгтэй хүний ажлын норм өөр байсан, эмэгтэй хүнийх харьцангуй бага байсан хэдий ч эрэгтэй хүний өдрийн хийх ажлын нормоос хоёр дахин их ажлыг хийдэг байсан юм." хэмээн Монгол Улсын газар тариалангийн анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар Д.Лида ийнхүү даруухан хүүрнэж сууна.

Related news