“Хаврын тариалалт-Техник технологи-2016” үзэсгэлэн худалдаа нээгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-14 01:51:39

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын “Найрамдал” талбайд ХХААЯ-наас зохион байгуулсан “Хаврын тариалалт-Техник технологи-2016” үзэсгэлэн худалдаа нээгдэв. Үзэсгэлэнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглагдаж буй шинэ дэвшилтэт техникийг танилцуулсан бол тус салбарт нэвтэрч байгаа шинэ технологийг тариаланчдын улсын зөвлөлгөөнд оролцогчдод танилцуулах зорилго тавьжээ.

Үзэсгэлэн худалдааг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нээж үг хэлэв. Тэрбээр “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлог, үйлдвэрлэлийн цар хэмжээнд тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх нь туйлын чухал. Тиймээс зөвлөлгөөн, үзэсгэлэнг зорьж ирсэн тариаланчид та бүхэн үзэсгэлэнд тавигдсан техник, бүтээгдэхүүнийг биечлэн үзэж үйлдвэрлэгч, борлуулагчаас үзүүлж буй боломж саналтай танилцаж улмаар гэрээ, хэлцэл хийж үзэсгэлэндээ өндөр ач холбогдол өгч оролцохыг урьж байна” гэв.

ХХААЯ-ны Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийн Зохицуулах газрын мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ:-“Энэ удаагийн үзэсгэлэнд нийтдээ техник тоног төхөөрөмж худалдаалдаг диллер 12 аж ахуйн нэгж, үр бордоо, ургамал хамгааллын бодис болон зарим тоног төхөөрөмж үйлдвэрлэж худалдаалдаг 14 байгууллага оролцож өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ үзүүлж байна. Үзэсгэлэнг тариаланчдын улсын зөвлөлгөөнд зориулж Монгол Улсынхаа төв бүсэд байрладаг Дархан-Уул аймгийг тариаланчиддаа илүү ойр гэж үзэж манай яамнаас зохион байгуулсан. Бид тариаланчдынхаа зөвлөлгөөнийг зөвхөн илтгэл, ярилцлагаар хязгаарласангүй алс холоос ирсэн тариаланчдаа орчин үеийн хэрэгцээтэй техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодистой танилцах, тухайн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж худалдан авах боломжоор хангаж байна. Энд өрхийн аж ахуйд зориулсан 10 морины хүчтэй жижигхэн трактораас эхлээд 500 морины хүчтэй үр тарианы үйлдвэрлэлд зориулсан том тракторууд оролцож байгаа бол бага оврын гар багаж, бороо хур оруулдаг төхөөрөмж зэрэг төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг тариаланчид маань ихэд сонирхож үнэ ханш, хүчин чадлыг нь асууж танилцаж байна. Бас банк санхүүгийн болон даатгалын байгууллагууд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж тариаланчидтай гэрээ байгуулж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнг манай яам ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулж байна” гэв.

Үзэсгэлэн худалдаа хоёр хоног үргэлжилнэ.

                                 Б.Норовсамбуу

Related news