Хан хэнтийн охин Ази тивийг төлөөлж дэлхийн аваргад хүч үзнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-02 16:31:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Шинкиокушинкай каратэ Холбоо /ШККХ/ Хэнтий аймгийн "Харгуй" клубийн тамирчин Хатанбаатарын Сандагсүрэн бүтэн контакттай каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Ази тивийг төлөөлж оролцохоор болжээ.


Тус тэмцээн ирэх оны тавдугаар сард Япон улсын Токио хотноо болох аж. Тэрбээр энэхүү эрхээ Малайз улсын Куала Лампур хотод болсон бүтэн контакттай каратэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн -50кг-ийн жинд гутгаар байрт шалгарсан амжилтаар олж авчээ.


Монголын ШККХ-ны тамирчин Х.Сандагсүрэн дөрвөн жилийн өмнөөс тулааны спортоор хичээллэж эхэлсэн байна. Олон улсын хэмжээний томоохон тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, ийнхүү шилдгүүдийн эгнээнд багтаж чаджээ. Одоо Хэнтийнхэн хатан зоригт тулаанч охиныхоо дээлийн захыг мушгих л үлдлээ.

Related news