Монголбанк төлбөрийн шинэчилсэн төслийн систем нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-13 17:09:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк төлбөрийн шинэчилсэн төслийн системийг энэ сарын 14-15-нд шилжих өдрийн 00:00–02:30 цагийн хооронд нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан дурдсан хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээ дамжихгүй болохыг мэдэгдлээ.  

 

Төвбанк АХБ-ны санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ хүрээнд бага дүнтэй төлбөр (гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна. Уг системийг нэвтрүүлснээр ижил төрөл, зориулалт бүхий багц гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэлд үндэслэсэн дебит гүйлгээ, бодит цагийн горимын гүйлгээ болон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах боломжтой болох аж. Мөн ААН, байгууллагуудад зориулсан гарцыг бий болгож, төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, хөрөнгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшил гарах аж.

Түүнчлэн уг системийн томоохон хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломж бүрдэх аж. Ингэснээр гүйлгээний нэр, данс зөрөх алдаа багасах, харилцагч өөрт дөт мэдээлэл ашиглан, хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талууд бий болох юм. Тиймээс системийг нэвтрүүлэхээр дээр дурдсан хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээ дамжихгүй болохыг мэдэгдэж, банкуудын интернет банк, мобайл банк зэрэг  цахим сувгийн гүйлгээг түр зогсох аж. Монголбанк болон банкуудын картын систем хэвийн ажиллах тул иргэд, ААН-үүд төлбөрийн карт ашиглан ATM, ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хийх боломжтойг мэдээллээ. 

Related news