Ургаа гагнаж, удмаа дархалсан хос багана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-04 09:30:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүн хүнийхээ хайраар бүтэн болдог энэ л амьдралд эгэлхэн хэрнээ энгүй сайхан гэр бүлүүд олон. Хаан удмын хэлхээ өнөд түүчээлэн орших Хан Хэнтийгээр овоглосон үлгэр жишээ хос баганыг ярилцлагынхаа зочин хойморт урилаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сум буюу Чингис хотын унаган хүү Банзрагчийн Баяндэлгэр, арын сайхан хангай нутгийн уугуул Сарангэрэлийн Ундрах нар ханилаад хэдийнэ 20 жилийг ардаа орхиж, давтагдашгүй дурсамж, мартагдашгүй он жилүүдээр ирээдүйн сайн сайханд тэмүүлж явна. Харцанд нь хайр бялхаж, үйлдэлд нь зөв бүхэн шингэсэн энэ сайхан гэр бүл Хан Хэнтийн төдийгүй Монгол түмний бахархал болсон сайхан гэр бүл юм. Гэрийнх нь үүдээр ороход л ажил хөдөлмөр буцалж, монгол ахуй үнэртсэн энэ өрх гэрээр зочилж, халуун дотно яриа өрнүүлснээ ийнхүү сийрүүлэн уншигч танаа хүргэж байна. 

         


Удам сайтын үргэлжлэл эгэл монгол эр

 

Монголын түүхэнд тод мөртэй, томруун түүхтэй Хэнтий нутгийн унаган хүү Банзрагчийн Баяндэлгэр хөдөлмөр зүтгэлээрээ улсдаа танигдсан нэгэн. Энэ хүний тухай өгүүлэхийн өмнө түүний энэ биений эхлэл болсон ижий аавынх нь талаар дурдахгүй өнгөрч болохгүй юм. Баяндэлгэрийн эцэг Хэнтий аймгийн Галшар сумын харъяат Дамбын Банзрагч хэмээх нутаг усандаа нэр хүндтэй зоотехникч мэргэжилтэй хүн байсан бөгөөд ээж Цэнд-Очирын Мягмарсүрэн нь Сэцэн хан аймгийн Хиад Боржигон Алтан ургийн Шавь хошуу одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зургаадугаар багт төрж өссөн эгэл нэгэн байдаг.

Энэ эмэгтэй Хэнтий аймгийн Банкны салбарын хөгжилд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулан зүтгэсэн хүндтэй нягтлан бодогч, эдийн засагч  юм. Мягмарсүрэн гуай одоо 70 хол гарсан ч үр ач нараа тойруулан үлгэр хайлж, үйл хөдлөлөөрөө дууриал үзүүлэн ухаан саруул тунгалаг, бие энх тунх амьдран жаргаж сууна. Банзрагчийнх хэмээх өрх айл таван хүүхэд төрүүлж өсгөсний дундах нь миний өгүүлж буй удам сайтын үргэлжлэл болсон эгэл монгол эр Баяндэлгэр билээ. Баяндэлгэрийн ээжийн талын өвөг дээдэс нь ванан ухаантай хүмүүс /эрдэмтэн доктортой эн зэрэгцэхүйц/ байсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн хар шуурганд энэ гэр бүлээс 58 хүн хэлмэгдсэн гашуун түүх байдаг.

Баяндэлгэр ванан ухаанаа уламжилж, энэхүү удам угсаагаа залгамжлан, ирээдүйд түүчээлж явна. Буурлын буян, эцэг эхийн сайнд Баяндэлгэр юугаар ч дутуугүй хүүхэд насаа өнгөрүүлсэн ч хүн хөдөлмөрийнхөө үр шимээр аз жаргалаа бүтээдгийг эцэг эхээсээ сурч хүмүүжсэн аж. Тиймдээ ч 15-хан наснаасаа  ногоо зарж, бизнес хийх гараагаа эхэлж байсан түүхтэй. Тэрбээр багаасаа юм бүхнээ бусадтай хуваалцах, бусдыг дайлах дуртай олонтой хүүхэд байсан гэдэг. Ийм ч учир түүнийг найз нөхөд нь “Баян Баянаа” хэмээн хочилдог байсан тухай дотны хүмүүс нь хуучилсан юм. Ийм л баян сэтгэлтэй, тийм л түмэн олонтой нутгийн эр маань өдгөө орж гарсан хүний хөл тасрах гэж үгүй, очиж хүрэх тусын сэтгэл харамгүй энгийн сайхан амьдарч байна. Баяндэлгэрт ажиллаж үзээгүй салбар ховорхон. Амьдралын явцад сурсан мэдсэн, туршлага мэдлэгээрээ 2007 оноос “БУММ” ХХК-ийг байгуулан тоглоомын дэлгүүр, худалдаа, төмөр хийц, модон хийц, бетон хийц зэрэг үйлдвэрлэлийн 10 гаруй салбартайгаар компаниа өргөжүүлэн ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд “БУММ” ХХК 3000 гаруй хүнийг хоолонд нь залгуулж, хооронд нь учруулж, зам чигийг нь гарган бизнест хөл тавиулсан байдаг.  Тийм ч учраас Баяндэлгэр залуустаа “Энэ сайхан эх орон, боломж  дүүрэн эрин зуунд ядуу амьдарч болохгүй” гэж үргэлж захиж, зөвлөж байдаг.

Түүний хувьд Баялаг бүтээгчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн, Цэцэрлэгүүдийн холбоо, Багш нарын холбооны анхдагч, анхны хүүхэд харах үйлчилгээ, хувийн цэцэрлэгийг бий болгосон гээд санасан сэдсэн, санаачилсан ажил хэргүүд нь анхдагч байдгаараа онцлогтой. Энэ ч утгаараа СӨБ-ын байгууллагыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төрөөс үнэлж, Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан удаа ч бий. Ажил мэргэжлээрээ овоглуулж, онцлуулж байдаг энэ эрхэм мөн л Аж үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. Гэсэн хэдий ч хийсэн бүтээснээ зарлаж, элдэв шагналд шунах тун дургүй юм билээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Хэнтий нутгийнхаа СӨБ болон зарим байгууллагад 10-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Цаашдаа 21 аймагтаа өөрийн чадах тусламжаа хүргэхээр төлөвлөж буйгаа хуваалцлаа. Эгэл даруу хэрнээ энгүй үйлсийг бүтээж яваа Баяндэлгэр эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч үндсэрхэг нэгэн юм. Тиймдээ ч эх орныхоо төлөө тэмцэгч, үндсэрхэг үзэл баримтлалтай хэд хэдэн бүлгийн идэвхтэй гишүүн. Баяндэлгэр монгол гэж цээжээ дэлдэхээс илүү монголоороо амьдарч, монгол ухаанаар амьдралаа сийлэхийг эрмэлздэг. Мөн энэ эрийг цахим орчинд идэвхтэй нэгэн гэдгийг бид андахгүй сайн мэднэ. Замбараагаа алдсан цахим орчинд амны билгийн сайхныг түгээж, ажил хөдөлмөрийн үр шимийг бусдад үлгэрлэн уриалж,  түгээж байдаг түүнээр бахархмаар. 

Удам сайтын үргэлжлэл болсон эгэл монгол эр дотроо нэгийг санан амар амгалан суух агаад улс эх орны хэтийн түшиг баймаар тийм л ухаан, үйлдэл, үлгэр дууриал түүнээс мэдрэгдэж байсныг цохон тэмдэглэе.   

 


Өнөр бүлийн эзэгтэй


Баяндэлгэрийн гэргий Сарангэрэлийн Ундрах уянгын хадаг шиг намирсан асгал гурван Тамир, уртын дуу шиг хөвөрсөн арын сайхан хангай нутгийн бүсгүй. Түүний хувьд 2000 онд Хэнтийн бэр болж, Баяндэлгэрийнх гэдэг айл гал голомтоо бадраасан байдаг. Сайн хань амьдын диваажин гэсэн үг бий. Тиймдээ ч Ундрах Баяндэлгэрийн түшиг тулгуур болсон сайн хань, сайхан бэр. Уран бэр, ухаантай бэр билээ. Зан сайтай айлд хүн бүр цугладаг гэдэг. Аашны сайхан, ажлын нямбайгаар ах дүүдээ хүндлэгдсэн энэ бүсгүй Хан Хэнтийн Хатан ухаант бэрүүдийн нэг мөнөөсөө мөн. Энэ эмэгтэйг Монгол түмэн “Одонтой ээж” сошиал бүлгэмийн админ гэдгээр нь илүүтэй мэддэг. Тус бүлгэм нь байгуулагдсан цагаасаа эхчүүд, хүүхдүүдийн дуу хоолойг нийгэмд түгээж, тэдэнд тус дэмээ хүргэсээр ирсэн юм. Тиймдээ ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 гаруй гэр бүлд 400 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, 20 орчим сайн дурын ажлыг одонтой эхчүүд хамтран хийжээ. 

Баяндэлгэр, Ундрах хоёр ижилхэн шаргуу хөдөлмөрч хүмүүс төдийгүй, нийгэмдээ ч идэвх санаачилгатай амьдрахыг зорьдог. Ундрахын хувьд хүн төвтэй, хүүхдэд ээлтэй сайхан нийгмийг цогцлооход өөрийн хувь нэмрээ оруулж, одонтой эхчүүдээ уриалан, хамтдаа хөгжихийг зорьж байдаг. Монгол Улсын хэмжээнд Алдарт эхийн одонтой 218000 эх байдаг бөгөөд тэднийг нэгтгэн, нэгэн зорилго дор зангидах их үйлсийг Ундрах бүсгүй ийнхүү амжилттай үргэлжлүүлж явна. Одонтой эхчүүдийн олны төлөөх сэтгэл энэ жил олон амжилтыг дагуулсан нь МУЗНН 80 жилийн ойгоо тохиолдуулан МҮОНТ-тэй хамтран зохион байгуулсан “Сайн үйлстэн” шалгаруулах олон нийтийн санал асуулгад “Одонтой ээжүүд” сошиал бүлгэм шалгарсан явдал юм. 

Хан Хэнтийн унаган хүүгийн мөрийг түшсэн сайн хань, хатан ухааныхаа цараар түмэндээ хүндлэгдсэн өнөр бүлийн эзэгтэйдээ амжилт бүтээлийн арвин их, аз жаргалын дээдийн дээдийг хүсэн ерөөе.  

 


Улсын хөгжил өрх гэрээс эхтэй


Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн гэр хороололд орших Баяндэлгэрийн хашаанд хөдөлмөрлөж бүтээгээгүй зүйл нэгээхэн ч үгүй. Аливаа өрх гэр заавал эрх мэдэл, эд баялгийн хүчээр бус элэг бүтэн амьдрал, энгийн хөдөлмөр зүтгэлээрээ хэрхэн сайхан амьдарч болохыг энэ айлаас харж болно. Өргөө гэрийнх нь үүдээр оруут Шилийн богдоос эхлүүлээд төрийн тахилгатай 10 хайрханы хөрөг ханхайн заларсан байдаг нь сүрдмээр.

Мөн хоймортоо Монголынхоо түүхэн хаадын зургийг цогцлоосон нь энэ айлын үндсэрхэг үзэл, өөдлөн дэвжихийн бэлгэдлийг илтгэх мэт. Цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн 300м2 талбай бүхий энэ гэр орон замбараагүй байна гэж байдаггүй гэсэн. Бас нэгэн онцлог зүйл нь байшингийнхаа хоёр давхарт дан гар сийлбэрээр гоёмсог монгол гэрийг бүтээсэн байлаа.  Гэр дотор амьтны арьсан дээрх зураг, алт, мөнгөн эдлэлүүд, аав ээжийнх нь хэрэглэж байсан эд зүйлс гээд хуучны ховор нандин үнэт зүйлс олон. 

Энэ тухай гэрийн эзэд хуучлахдаа үр хүүхдүүддээ өдөр тутамд нь монгол ахуй соёлоо танин мэдүүлэх, өрнө дорнын соёлд сургах зорилгоор ийнхүү бүтээж тохижуулсан гэв. Нээрээ л орсон гарсан бүхний нүдийг хужирлаж, бахдалыг төрүүлэм монгол ахуй соёл юутай бахдам. Баяндэлгэрийн гэр бүлийн өмсч зүүх, эдэлж хэрэглэх, идэж уух гээд бүхий л зүйлсээс нь монгол уламжлал, монгол үйлдвэрлэл, монгол ахуй үнэртэж байсан нь үнэхээр л үлгэр жишээ сайхан монгол гэр бүл гэдгийг нь илтгэж байлаа.

Хос хоёр баганын ижилдэн нийлэх шалтгаан, ховорхон тохиох хүний амьдралын хөг, аялгуу болсон 4 хүүхдээ Баяндэлгэрийнх зөв сэтгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхийг зорьдог. Ууган хүү Б.Мичид нь 17 настай  бөгөөд Техник, технологийн коллежийн хоёрдугаар курст суралцаж байна. Том охин Б.Маралмаа нь Нийслэлийн 44-р сургуулийн наймдугаар ангийн сурагч,  дунд хүү Б.Дашдэлэг нь Нийслэлийн 14-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Харин бага охин Б.Мичидмаа нь цэцэрлэгт хүмүүжиж байна.

Энэ өнөр гэр бүл 2016-2018 онд Монгол орноороо бүтэн тойрч сум бүртэй нь танилцаж аялжээ. Нэг удаагийн аялал нь сар гаруй үргэлжлэх энүүхэнд. Учир нь эх орноо хайрлах, бахдах, омогших сэтгэлгээг хүүхдүүддээ багаас нь суулгахад аялал чухал нөлөөтэйг Баяндэлгэр онцолж байсан юм. Хажуу хаалганы хөршөө ч танихаа больсон энэ нийгэмд Баяндэлгэрийнх хөршүүдээ цэвэр цэмцгэр байх, үр хүүхдүүдээ үерхэж нөхөрлүүлэх, орон гэрээрээ орж гарч байхыг үргэлжид уриалж байдаг. Энэ ч утгаараа айл саахалт, амьтан хүмүүс нь энэ гэр бүлд ам сайтай байдаг юм билээ. Эдний гэр бүлийг С1 телевизийнхэн “Хайрыг түгээгч гэр бүл”-ээр тодруулсан нь ёстой л нүдээ олсон шагнал байв.

 

21-р зууны Монгол гэр бүл ямар байх ёстойг энэ эерэг гэр бүлээс тодхон харж болно. Амьдарч буй цаг үе, нийгэм, оршин суугаа нутаг орныхоо эзэн болж, олондоо хүндлэгдэж яваа “Хос багана” Баяндэлгэрийн гэр бүлээр Хэнтийчүүд эрхгүй бахдаж буй биз ээ.  Монгол түмнийхээ бахдал хийгээд үлгэр болсон энэ сайхан гэр бүлд аз жаргал үргэлжид бялхаж, амжилт бүтээл өнөд арвин байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

 

Монгол гэр бүл бүхэн жаргалтай байг

Related news