Өнгөрөгч оны үлдэгдэл орлогоор 2019 оны төсвийг нэмэгдүүлэн батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар УИХ-ын 19, 21, Засгийн газрын 24 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч оны үлдэгдэл орлогоор 2019 оны төсвийг нэмэгдүүлэн батлав.
Тухайлбал, 2018 оны төсвийн давсан орлогын үлдэгдэл 616,2 сая төгрөг, замын сангийн оны эхний үлдэгдэл 4,5 сая төгрөг, гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн оны эхний үлдэгдэл 193,2 сая төгрөг, малыг эрсдэлээс хамгаалах сангийн оны эхний үлдэгдэл 94,9 сая төгрөг, нийт 908,8 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 2019 оны нэгдсэн төсвийн зарлагыг 60,8 тэрбум төгрөг байхаар санал оруулан хэлэлцүүлэн батлууллаа.
Мөн тус хуралдаанаар энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах булшлах журмыг баталсан бөгөөд нэг га нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх тарифыг 6000-9000 төгрөгөөр, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг Хэрлэн, Бор-Өндөр суманд 10.0-15.000, бусад сум тосгонд 8.0-12.000 төгрөгөөр тус тус баталлаа.
Түүнчлэн Хэрлэн сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цогт-Өндөрийн энгэр” гэх газрыг “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих” зориулалтаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжив.