Бичиг үсгийн өдрийг их эрдэмтний нэрэмжит болгон тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Баянхутаг сумын харьяат, Шадар билэгт гүн зайсан бичгийн их эрдэмтэн Ч.Бат-Очирын мэндэлсний 145 жилийн ойг тохиолдуулан Хэнтий аймаг Бичиг үсгийн баяраа их эрдэмтний төрсөн суманд тэмдэглэж, уг баярт 1750 хүн оролцлоо.
Энэ үеэр “Майдарын эрин сан”-гаас “Үндэсний бичгийн сорил-2019” тэмцээн явуулж, зургаан төрөлд ЕБ-ын 24 сургуулийн 290 сурагч хамрагджээ. Үүнээс зургаадугаар ангийн төрөлд Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн Чамин-Эрдэнэ, долдугаар ангийн төрөлд мөн сургуулийн сурагч Саранзул, наймдугаар ангийн төрөлд Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Энхжин, есдүгээр ангийн төрөлд Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн сурагч Монголжингоо, 10 дугаар ангийн төрөлд Хэрлэн нэгдүгээр сургуулийн сурагч Билэгжаргал, 11 дүгээр ангийн төрөлд Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Амарбаясгалан нар тэргүүлж, шилдэг багшаар Э.Лхамсүрэн, З.Чулуунцэцэг нар шалгарлаа.
Эрдэмтэн Ч.Бат-Очирын нэрэмжит тэргүүний уншигчийн тэмцээнд дөрвөн ангилалд 368 хүн өрсөлдсөнөөс Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Ангарагцэрэн, Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Энхболор, Хэрлэн нэгдүгээр сургуулийн сурагч Марал-Эрдэнэ, насанд хүрэгчдээс Хан Хэнтий цогцолбор сургуулийн Х.Балдандорж нар тэргүүлэв. Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөл буюу аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан Эцэг эхийн үндэсний бичгийн анхдугаар олимпиадад 14 сум, дөрвөн тосгоноос нийт 42 эцэг эх оролцож, Баян-Адарга сумын Анхцэцэг тэргүүлэв.
Улсын төрөлжсөн монгол хэл бичгийн массын олимпиадад ЕБ-ын 24 сургуулийн 471 сурагч оролцсоноос Э.Дөлгөөн багштай Бор-Өндөр ЦС-ийн 9а анги, Т.Алтанцэцэг багштай Дархан сумын ЕБС-ийн 9а анги, Д.Энхжаргал багштай Батширээт сумын ЕБС-ийн 9а анги, эхний байруудыг эзэлж бусдыгаа хошуучиллаа.
Мөн “Эх хэлний сорилго шалгалт”-д ЕБ-ын 25 сургуулийн тавдугаар ангийн түүврийн аргаар сонгогдсон 391 сурагч хамрагдаж 54 хувийн гүйцэтгэлтэй шалгуулав. Биндэр сумын ЕБС-ийн Ц.Март багштай хамт олон бага, суурь боловсролын эх хэл бичгийн чадварыг сайн эзэмшиж улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд гурван жил дараалан амжилттай оролцсоныг үнэлж аймгийн БСУГ-аас талархал хадгалууллаа.