Төрийн үйлчилгээг Цэнхэрмандал суманд хүргэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ “Иргэний оролцоотой шинэ Хэнтий” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан сумдад төрийн үйлчилгээг хүргэх баг Цэнхэрмандал суманд ажиллав.
Ажлын эхэнд аймгийн Засаг дарга сумын иргэдэд 2018 онд аймагт өрнөсөн онцлог ажлууд, энэ онд эхлүүлсэн, төлөвлөсөн ажлаа товч танилцууллаа. Хуралд Баянмод, Согоот, Хужхан, Нугаар багийн 158 иргэн, үүн дээр төрийн албан хаагчид, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэмэгдэж, нийтдээ 200 шахам хүн оролцов.
Тайлант илтгэлийн дараа орон нутагтаа тулгамдсан асуудлаар таван иргэн 11 асуудал дэвшүүллээ. Тухайлбал, Нугаар багийн Засаг дарга Б.Чулуунцэцэг багийн нэлээд хэсэг нь 1990-ээд оны Засгийн газрын тогтоолоор отрын бүс нутагт орсон. Өсөж төрсөн нутгаасаа буюу отрын бүс нутгаас шахагдаж, одоо хоёр аманд найман өрх үлдсэн. Бүс нутгийн захиргаанаас ирэх сарын 20-ны дотор газраа чөлөөлж өгөхийг шаардах болсныг уламжлав. Үүнийг аймаг сумын удирдлагууд өргөдлөөр хүлээн авч, шийдвэрлэх түвшинд буюу УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, холбогдох яамтай нь хамтарч, ажиллахаа илэрхийллээ.
Малчин Н.Мөнхжаргал Согоот баг өндөр хүчдэлд холбогдсон, иймээс малчид багтаа спорт заал хандиваар барьж байна. Дотоод тохижилт, эд хогшил, тоног төхөөрөмж дутагдалтай учир тусламж хүсэв. Иргэн Л.Баатар, Хар зүрхний Хөх нуурт аялал жуулчлалын цогцолбор, Хэрлэнгийн гүүрэнд хаалга, Үерийн далангийн боловсруулсан зураг төсвийг ажил болгох, отрын бүс нутгийг цуцлуулах гэх мэтчилэн зургаан санал дэвшүүлэв. Мөн Г.Ванчинхүү, Б.Ганболор нар саналаа илэрхийллээ. Иргэдийн саналыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба хүлээн авч, Согоотын спорт болон урлаг заалыг тохижуулах төсөв гаргахаа илэрхийлэв. Мөн сумын ИТХ-д хандаж Бүтээн байгуулалтын шинжтэй хаалга, Хөх нуурын цогцолборын ажлын санал, зураг, ТЭЗҮ бий эсэхийг лавлаж, хэрвээ гаргаж өгвөл цаг алдалгүй шийдвэрлэхээ мэдэгдлээ. Иргэдээс ирсэн бусад саналыг судалж үзээд эргээд мэдээлэхээ дурдаж, ард иргэддээ газар өмчлөлийн талаар мэдээлэл өгч, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтын газраа өмчлөхийг уриалав.
Уулзалтын дараа аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, НДХ, ХХҮГ, ЦГ, НЭ-ийн эмч, мэргэжилтнүүд нийтдээ 142 иргэнд эмнэлгийн тусламж, төрийн үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээлэл хүргэв.
Хэнтий аймаг айл өрх, иргэдээ “Аравт”-ын зохион байгуулалтад оруулж, хөдөлмөрөөрөө хорших, төрийн бүхий л шатанд иргэний оролцоог нэмэгдүүлэх ажлыг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд аймгийн Чадавх бэхжүүлэх баг Цэнхэрмандал сумын “Аравт”-ын ахлагчдад сургалт явуулж, С.Оюунтунгалаг, Н.Мөнхжаргал, Б.Сайнсанаа, Н.Батбаяр, Ц.Энхжаргал, Ч.Даваацэрэн, Ч.Аюуш, Д.Нэргүй, А.Мөнх-Оргил, Б.Энхцэцэг, А.Аюуш, Н.Даваадорж, Ч.Болормаа, Г.Нарантуул, Б.Мөнхчимэг, Б.Мягмарсүрэн, Ч.Алтанхуяг, О.Хүрэлбаатар, Д.Түвшинжаргал, П.Балжмаа нарыг аравтын даргаар батламжилж, үнэмлэх гардууллаа.
Аравтын дарга нь хууль тогтоомж, нийтээр мөрдөх журам, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийг харьяа аравтын иргэдээс шаардах, аймгийн төрийн байгууллагуудад нэвтрэх, нэгдсэн эмнэлгээр дугаар, дараалалгүйгээр үйлчлүүлэх, орон нутгийн шууданд хөнгөлөлттэй үнээр зорчих эрхтэй бөгөөд аравтад хамрагдсан иргэд, малчдын аливаа санал, санаачилга, гомдол хүсэлтийг зохих шатны байгууллагуудад уламжлах, багийн Засаг даргад хуульд заасан эрхээ эдлэхэд туслалцаа үзүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах, багийн ИНХ, өдөрлөг, нийтийг хамарсан аливаа арга хэмжээнд аравтын гишүүдийг идэвхтэй хамруулах үүрэгтэй аж.