Хэнтий аймагт спорт заалгүй ганц сум нь Дэлгэрхаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт спорт заалгүй ганц сум нь Дэлгэрхаан. Энэ жил улсын төсөвт сумын спорт заалны барилгын ажлыг тусгаж, 1.1 тэрбум төгрөгөөр тендер нь зарлаад ажил нь удахгүй эхлэх гэж буйг аймгийн дарга дуулгалаа.
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд Хэнтий аймаг “Иргэний оролцоот шинэ Хэнтий” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Иймээс аймгийн удирдлагууд дөрвөн хэсэгт хуваагдан бүх суманд өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдрөөс эхлэн Дэлгэрхаанд суманд ажиллаж байна.
Иргэдийн оролцоотой шинэ Хэнтий төслийн хүрээнд тус сумын 24 аравтын ахлагч нарт аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ, төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Баян-Овоо сумын “Бунхант” аравтын ахлагч Д.Ариунаа нар сургалт явууллаа.
Мөн энэ үеэр ЭМТ-ийн их засвар, 10 сая төгрөгөөр уурын зуухны халаалтын тогоог шинэчлэх, мэргэжлийн эмч дутагдалтай байгаа талаар эрхлэгч нь мэдэгдлээ. Аймгийн дарга Дэлгэрхаан суманд ажиллах үеэрээ Долоод багийн малчин Дашдондогийн Батзаяад ДЗМОУБ-ын ОНХХ-ийн тусламжаар ирсэн гурван сая гаруй төгрөгийн үнэтэй, иж бүрэн, таван ханатай гэрийг гардуулан өглөө.
Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх чиглэлээр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, сумдын мэргэжилтнүүдийг оролцуулан ард иргэдэд нээлттэй цонхны зарчмаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар эмнэлгийн үйлчилгээнд 50 хүн, дүрс оношилгоонд 60, Улсын бүртгэлийн үйлчилгээгээр 12, татварын үйлчилгээнд 16, нийгмийн даатгалын үйлчилгээнд 24, халамжийн үйлчилгээнд 8, Цагдаагийн газарт 18 иргэн хандсан дүнтэй байна.