БНХАУ-ын долоон иргэнийг битүүмжилсэн өрөөнд нуусан байсныг илрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсэг Дархан, Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдэд гэнэтийн шалгалт хийлээ.
Гэнэтийн шалгалтыг Дархан сумын гуравдугаар багийн нутагт байрлах “Эрдэнэт хун” ХХК-ийн Хажуу улааны жонш баяжуулах, боловсруулах үйлдвэрээс эхлэв.
Тус үйлдвэрээс шалгалтын үеэр БНХАУ-ын долоон иргэнийг битүүмжилсэн өрөөнд нуусан байсныг тагнуулынхан илрүүллээ. Хятад ажилчид Монгол Улсад аяллын визээр зорчсон хэрнээ үйлдвэрт ажиллаж байсан нь Цагдаагийн Газрын байцаагчийн шалгалт, хятад иргэдийн мэдүүлгээр тогтоогдов. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Прокурорын байгууллагад мэдүүлэн, баривчилгаа хийж, Гадаадын иргэн харъяатын газарт шилжүүлэх аж. Харъяа газар нь тэднийг шалгаж, Монгол Улсаас албадан гаргах ёстой юм байна.
Онцгой байдлын газраас тус баяжуулах үйлдвэр гамшгаас хамгаалах төлөвлөгөөгүй, гал түймрээс урьдчилан сэргийлэх болон гал түймэртэй тэмцэх багаж, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж муудсан, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хийв. Гамшиг ослын үед ажиллах сургалт, сурталчилгааны төлөвлөгөөгүй, мэдэгдэхүүнгүй, ХАБ-ын зааварчилгаагүй, олон хүний амьд явах эрх зөрчигдөж байна гэж үзлээ.
Мэргэжлийн хяналтын шалгалтаар Баяжуулах үйлдвэрт суурилуулсан дөрвөн кранд үзлэг хийж, хоёр нь ачилт, хоёр нь тусгай зориулалтаар ажиллаж байна. Бичиг баримт, техникийн паспорт байхгүй, угсралт, суурилуулалтын актгүй гэж дүгнэв. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, 2019 оны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, нийтдээ дөрвөн цооног гаргасан гэж мэдээлсэн ч, хоёр нь олдохгүй байна. Хаана байгаагаа ч хэлэхгүй байна гэлээ. УЦУОШТ-өөс лабораторид ашигласан усыг хаяж буй хонгил, баяжуулах үйлдвэрээс байгальд гаргасан ус, уурхайн ойр орчмын хөрснөөс дээж авч, шинжлэхээр болов.
Цаашлаад үйлдвэрийн ашиглалтын төлөвлөгөөгүй, химийн лабораторидоо тосны хүчил /oleic acid/, техникийн содыг /sodium carbonate/ ашиглах, экспортлох, импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ч, өөр төрлийн химийн бодис илэрсэн зөрчил гарав.
Шалгалтын дүнгээр “Эрдэнэт хун” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрээс бичиг баримт, үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн зөрчил илэрлээ гэж мэргэжлийн байгууллагууд үзэж, үйл ажиллагааг түр нь зогсоож буйгаа мэдэгдлээ. Баяжуулах үйлдвэрийн цахилгааныг салгаж лацдах, лабораторийг битүүмжлэх, гарал үүсэл нь тодорхойгүй химийн хорт бодисуудыг лабораториудад шинжлүүлэхээр хүргэх, нарийвчлан шалгах ажил үргэлжилж байна.
“Эрдэнэт хун” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Монгол талын захирал Л.Энхцэцэг холбогдох бичиг баримт нь төв оффистоо бий гэх мэдээлэл тухай бүр хийж байв. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн захирал н.Соёл-Эрдэнийг холбогдолтой бүх бичиг баримтаа яаралтай авчрах мэдэгдлийг хүргүүлж байна.
Шалгалтын ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг явж, харъяалагдах чиглэлээрээ шалгалт явуулсан юм