Аймгийн депутат улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-03 21:18:57

Хэнтий /МОНЦАМЭ/ Ардын Их Хурлын депутат самбо, жүдо бөхийн багш, дасгалжуулагч С.Ганболд Улаанбаатар хотноо зохиосон “Гранд мастер” жүдо бөхийн Ахмадын 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа.

Тэрбээр уг тэмцээний М-7 60-аас дээш насны ангиллын 66 кг-д алтан медаль, мөн "Sambo Masters-2019" самбо бөхийн Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний 60-64 насны ангилалд алтан медаль хүртэж, Монгол Улсын аварга, спортын мастерын болзол хангасан байна.

Хэнтийн депутат 2017 онд “Гранд мастерс” жүдо бөхийн Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож М-7 60-аас дээш насны ангиллын 73 кг-д алтан медаль, 2018 онд “Гранд мастерс” жүдо бөхийн Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж, Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд хоёр алт, нэг хүрэл, самбо бөхөөр нэг алт хүртэж байсан билээ.

С.Ганболд нь 1975 оноос эхлэн ЗХУ-ын Москва хотод Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж байхдаа самбогоор хичээллэж байсан ба ЗХУ-ын спортын нэгдүгээр зэрэгтэй ахмад тамирчин юм.

 

Related news