Хэнтий аймгийн Засаг дарга "Архигүй шинэ жил" тэмдэглэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба улиран өнгөрч буй 2018 оны ололт амжилтаа бататган гарч буй 2019 оны баяраа архигүй тэмдэглэхийг нийт иргэддээ уриаллаа.
Тус аймаг 2012-2016 онд "Архигүй Хэнтий" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн улсын хэмжээнд туршлага болж байсан бөгөөд одоогийн удирдлагууд "Архидалтгүй Хэнтийчүүд" хөтөлбөр болгон үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм.
Уриалгад: "Хан Хэнтийчүүд бид улиран одож байгаа 2018 оныг иргэн бүр, өрх болгон байгууллага хамт олон маань алдахаас оносон нь илүүтэй мартагдахгүй дурсамж бахдалаар дүүрэн чамлахааргүй өөдлөн дэвжсэн гэгээн үйлсээр арвин, амжилт атгасан жил болгон үдэж байна. Ийм гайхалтай авшиг буян дэлгэрсэн хоног өдрүүдийг нэгэн он цагт хамтдаа элээх учрал ерөөлтэй та бүхэндээ эрүүл энх aз жаргал, сайн сайхан бүхнийг хувиасаа болон аймгийн Засаг даргын зүгээс хүргэж байна. Аймгийн засаг даргын хүрээнд хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөрт багтсан "Архидалтгүй Хэнтий" дэд хөтөлбөр хэрэгжээд хоёр жилийг ардаа үдэж байна. Та бидний амьдарч буй нийгэмд зайлшгүй тулгамдсан асуудлын нэг бол архинд автах явдал болж буйг хэн хүнгүй сайн мэдэж байгаа нь ойлгомжтой.
Эрүүл саруул бие цогцостой, хүчирхэг, оюунлаг, мэдрэмжтэй, өндөр боловсролтой, ухаалаг нинжин сэтгэлтэй, эр зоригтой, цоглог, ажилч хичээнгүй ирээдүй хойч үе бэлтгэх нь өнөөгийн төр засагт хүчин зүтгэж байгаа бидний хэрэгжүүлэх нэгэн хариуцлагатай үүрэг гэдгийг хэн ч бай мартаж болохгүй. Архи хэмээх биегүй чөтгөрөөс хойч үеэ хол байлгах нь нэн тэргүүнд тавих асуудал юм. Сайны хажуугаар саар гэгчээр гурван сая иргэний маань 51 хувь архины давхар хамааралтай, эрчүүдийн 27 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь архаг архичин гэсэн ч судалгааны тоо байдаг. Архинд ад, нүгэл, бузар, дэв шингэсэн учраас энэ хорт ундаанд автсан хэн ч байсан ойр орчин болоод гэр бүл, хамт олон найз нөхөд ахан дүүсдээ хань шиг хань, итгэлт анд шиг анд нь болж чадахгүй гэдгийг ахмад үе маань сануулж байдаг. Архи уух нь гэмт хүсэл учраас амьдралд хэзээч aз жаргал авчрахгүй гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй болов уу.
Учир иймээс үдэж буй хуучин оноо, ирж буй шинэ оны баярын ширээн дээр архи тавьж хундага тулгахгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. Та бүхэн минь шинэ оноо баяр баяслаар дүүрэн угтаарай." гэжээ