“Мy house” мини төслийн уралдаан 12 дахь жилдээ болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ “Эрдэм баян” Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн Технологийн багш Эрийнтовчийн санаачилсан “My house” мини төсөл 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах, сэтгэн бодох чадвар, бүтээлч зан чанарыг төлөвшүүлэх гэх мэт олон төрлийн чадваруудыг эзэмшүүлэх ач холбогдолтой мини төслийн уралдаанд тус сургуулийн төгсөх ангийн сурагчдын 26 бүтээл өрсөлджээ.
Ерөнхий Боловсролын 11-р ангид барилгын
шугам зургийн хичээл ордог бол төгсөх ангидаа бүтээл болгон хэрэгжүүлэх
боломжтой болдог байна. Энэхүү тэмцээн нь сурагчдын цаашдын
мэргэжил сонголтонд ч нөлөөлөх ач холбогдолтой аж.
Сурагч бүр ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг. Тэр ч утгаараа хөвгүүд гэр бүлээрээ хаана, хэрхэн амьдарч болох төсөөллөө бүтээлдээ буулгадгаараа энэхүү тэмцээний мөн чанар оршиж байдаг гэнэ.
Бяцхан байшинд нь бүх зүйл бий. Дотор болон гаднах тохижилтыг нэг бүрчлэн шийдэж, бүр гэрэлтүүлэгтэйгээр урласан нь улам их бодит сэтгэгдлийг төрүүлж байлаа. Түүнчлэн уралдаанд оролцож буй хүүхдүүд материалын судалгаа, эдийн засгийн тооцоолол хийх, Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон, бага өртгөөр чанартай сууц барихийг зорьсон байна. Бүтээлүүдийн загварын чиг хандлага барууны хэв маягийг тодорхойлсон, тансаг загвартай, материалын хувьд сонголт сайтай болж байгаа нь жил ирэх тусам өрсөлдөх чадвар дээшилж байгааг илтгэж байна гэж зохион байгуулагчид ярьж байсан юм.
Төслийг санаачлагч Л.Эрийнтовч хэлэхдээ:
“Хүний нэн тэргүүний хэрэгцээ бол гэр орон. Шавь нар маань ирээдүйд гэрийн эзэн
болох тэр цаг үед өөрсдийн амьдрах Монгол гэр ч бай, байшин ч бай тэр
бүгдийнхээ загвар, зураг төслийг өөрөө гаргаж чаддаг, цахилгааны монтажаа хийдэг
болчихвол өөрт нь л хэрэгтэй гэж бодож явдаг. Сургалтын нийт цаг хугацаа маш
богино буюу 7 хоногт хоёрхон цаг ордог. Энэ богино хугацаанд шавь нартаа маш олон
зүйлийг сургахыг хичээдэг дээ” гэлээ.
Тэмцээний шүүгчээр Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн захирал Б.Жавхланбаяр, технологийн багш Л.Эрийнтовч, хичээлийн эрхлэгч Б.Амармандах, аймгийн БСУГазрын мэргэжилтэн Я.Батбилэгт болон “Language Learning Center LLC захирал, англи хэлний багш Д.Анхилуун нар ажиллалаа.
Боловсролын системд хэрэгжиж эхэлсэн STEM хөтөлбөрийн дагуу лед гэрлийг удирдах, хог хаягдлын хэрэгцээтэй эд ангиудыг ашиглаж ахуйн хэрэглээний техник зохион бүтээхийг зорьсон шинэлэг үйл ажиллагаа болсныг тэмцээний шүүгчид онцолж байлаа.