Усны нөөц ашигладаг ААН-үүдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь төрийн аудитын газраас усны нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа 64 аж ахуйн нэгжид аудит хийсэн бөгөөд зохих хяналтыг хэрэгжүүлээгүйгээс төсөвт төвлөрүүлэх татварын орлого хангалтгүй байгааг дүгнэлтдээ дурджээ.
Тэдгээр аж ахуй
нэгжүүдийн усны нөөц ашиглах талбай нь Хэрлэн голын сав газар, Онон-Улз голын
сав газар, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газарт тус тус
харьяалагддаг байна.
Өнгөрсөн 2017 онд
нийтдээ 17 аж ахуйн нэгж, иргэн усны
нөөц ашиглах дүгнэлт гаргуулснаас БОАЖЯам хоёр, “Монгол-Ус” ХХК долоо, Хэрлэн
голын сав газрын захиргаа гурав, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав
газар нэг, тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар дөрвөн дүгнэлтийг тус
тус гаргажээ.
Аудитад хамрагдсан дүгнэлт гаргасан нэг аж ахуйн нэгжээс бусад 16 аж ахуйн нэгж 2017 онд 869.4 сая төгрөгийн усны төлбөр төлөхөөр гэрээ байгуулж, жилийн эцсийн байдлаар 357.9 сая төгрөгийн төлбөр төлсөн байна. Таван аж ахуйн нэгж 9.3 сая төгрөгийг илүү төлж, таван аж ахуйн нэгж 521.8 сая төгрөгийг дутуу төлжээ. Мөн дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулаагүй 10 ААН 0,9 сая төгрөгийн ус ашигласны төлбөр төлсөн бол усыг тоолуураар тооцсон, ажиллах хоног цөөрсөн дөрвөн ААН-ийн усны төлбөр 304,1 сая төгрөгөөр буурч төлөгджээ.
Хэнтий аймгийн хэмжээнд ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, гэрээ
байгуулаагүй боловч ус ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа 27 ААН усны нөөц
ашигласны төлбөрийг төлөөгүй байна.
Өнгөрсөн 2017 жилийн
эцсийн байдлаар ус ашигласны төлбөрийн үлдэгдэлтэй таван ААН-ээс гурав нь 518.8
сая төгрөгийн ус ашигласны төлбөрийг 2018 оны эхний хагас жилд барагдуулснаас
аудитын хугацаанд 138.2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.
Аудитад хамрагдсан ус ашиглагч ААН-үүдээс дүгнэлт
гаргуулахаар хүсэлтээ гаргасан боловч хуулийн хугацаанд дүгнэлтийг гаргаагүй нэг,
дүгнэлт гаргасан боловч гэрээ байгуулаагүй хоёр, дүгнэлт гаргуулж, гэрээ
байгуулсан боловч үйл ажиллагаа явуулаагүй нэг аж ахуйн нэгж байна.
Галшар сумын “Билэг төгс дэлгэр” ХХК-ийн ундны
усанд 313,3 мянган төгрөгийн ус ашигласны төлбөр тогтоосон бол Цэнхэрмандал
сумын хоёр аж ахуйн нэгжтэй хүчин
төгөлдөр бус маягтаар гэрээ байгуулсан байна.
Аудитын дүнд ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй болон усны төлбөр төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулах зөвлөмжийг тус аймгийн Засаг даргад өгчээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалыг үндэслэн Хэнтий аймаг дахь Төрийн
аудитын газрын 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу “Хэнтий аймгийн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа
уул уурхайн компани болон бусад аж ахуйн нэгжүүдийн ус ашиглалтын төлбөрийн
ногдуулалт, төсөвт төвлөрүүлсэн байдал”-д
гүйцэтгэлийн аудитыг хийснээр дээрх дүгнэлт гарсан аж.