Д.Мөнхбат: Эмч хүнд ухрах зам байхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. “Хэнтийн мэдээ” агентлагаас санаачилж жил бүр олон нийтийн санал асуулгаар тодруулдаг "Оны алдартан" номинацид нэр дэвшигчдээс хамгийн олон санал авч Гал тахиа жилийн онцлох алдартнаар шалгарсан Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын нэгдүгээр тасгийн эрхлэгч их эмч Даваа-Очирын Мөнхбаттай ярилцлаа.
Түүнтэй уулзахаар очиход шөнө жижүүрт хоноод, өглөө нь өвчтөнд яаралтай мэс засал хийгээд дуусаж байхтай таарав. Эмч хагалгаа хийгээд ядарсан ч надтай ярилцахаас татгалзсангүй.
- Та дөнгөж сая өвчтөнд мэс засал хийлээ, амжилттай юу?
- Дөнгөж сая зургаан настай хүүхдийн баруун төмсөг нь буугаагүй эмгэгт мэс засал хийлээ. Хагалгаа амжилттай.
- Өдөрт дунджаар хичнээн удаа мэс засал хийдэг вэ?
- Ачааллаас шалтгаалж өдөрт хоёроос найман удаа хийдэг.
- Орон нутагт ямар төрлийн мэс заслыг ихэвчлэн хийж байна?
-Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар хэвлийн хөндийн мэс засал, үүний дотор хэвлийн хөндийн цочмог өвчин, мухар олгойн цочмог өвчин болон цөсний хүүдийн чулуут өвчний мэс засал ихэвчлэн хийдэг. Мөн бусад яаралтай цээжний хөндий болон хэвлийн хөндийн, мэс заслыг ч хийдэг.
-Таныг гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг томоохон мэс заслыг орон нутагтаа хийж олон хүний амь насыг аварсан гэж хүмүүс ам сайтай байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Нойр булчирхайн толгойн хэсгийн хавдартай өвчтөний хавдрыг тайрах, цөсний ерөнхий суваг, ходоод, нойр булчирхайн цорго зэргийг залгах хагалгаа бидний хийсэн томоохон мэс засал. Үүнийг орон нутагт төдийлөн хийгээд байдаггүй. Улсын гуравдугаар шатлалын эмнэлэгт цөөн тоогоор хийдэг мэс засал.
Манай мэс заслын эмч н.Алтангэрэл, мэдээгүйжүүлэлтийн эмч нарын баг бүрэлдэхүүн үүнийг анх удаа орон нутагтаа хийж байсан. Мөн бусад төрлийн судасны мэс засал болон шөрмөс, зөөлөн эд залгах, арьс нөхөх зэрэг хагалгаа хийдэг. Энэ бол төдийлөн элбэг биш ховор хийдэг хагалгаа юм.
Сүүлийн үед ходоод тайрах хагалгааг аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт буй болгох зорилгоор энэ чиглэлээр хэдэн удаа мэс засал хийсэн. Ходоод тайрах мэс заслын арга барилыг судлах, суралцах зорилгоор Улаанбаатар хотын "Еврофарм" компанитай харилцаа холбоо тогтоож, эндээс ходоод тайрч оёх багажийг захиалж авч хийж байна. Энэ нь гэдэс тайрах сүүлийн үеийн мэс заслын арга техник юм. Ингэснээр мэс заслын эмчилгээний талд ахиц гарч буй.
- Мэс засал хүнд хөнгөнөөс шалтгаалаад хэдий хэрийн хугацаа шаарддаг вэ?
-Идээлсэн мухар олгойн цочмог үрэвслийн мэс засал хэвлийдээ шингэн болон идээ байхгүй тохиолдолд 15 минут орчим болдог. Хамгийн удаандаа өвчтөний биеийн байдлаас хамаараад дөрвөөс зургаан цаг үргэлжлэх үе ч бий. Мэс засал дууссаны дараа эргээд хагалгаанд орох ч тохиолдол бий. Гэлээ гээд түүртээд байдаггүй.
- Гуравдугаар шатлалын эмнэлэг орон нутгийн эмнэлгээс юугаараа ялгаатай юм бол?
- Тоног төхөөрөмж, эм хангамжаас гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар байна. Жишээ нь бөөрний мэс заслаар манай аймагт Алтангэрэл эмч байна. Улаанбаатар хотын гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд элэг цөс, нойр булчирхайн эмч тусдаа, үе мөчний эмч, судасны мэс заслын эмч гэх мэтчилэн төрөлждөг.
Манайд гэмтлийн болон ерөнхий мэс заслын эмч ихэвчлэн байдаг. Гэтэл хүүхдийн мэс заслын эмч дутагдалтай. Цаашдаа бид улсынхаа гуравдугаар шатлалын төрөлжсөн мэс заслын эмнэлгүүдэд очиж суралцаад орон нутагтаа мэс засал хийх зорилго бий. Энэ чиглэлээр цөөнгүй хүүхдүүд суралцаж байна. Яваандаа боловсон хүчин хүрэлцээтэй болоход сургах бодолтой байгаа.
- Гуравдугаар шатлалын эмнэлэг төрөлжсөн байдлаар ажилладаг байх нь?
- Тийм ээ. Мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, цээжний хөндийн мэс засал гээд төрөлждөг.
- Манайд бүхий л төрлийн хагалгааг хийх шаардлагатай болно биз?
- Тийм шүү. Яаралтай байдлаар ирэхэд хийхээс өөр аргагүй.
- Мэс засал амжилттай болох хамгийн чухал үндэс нь юу вэ?
-Энэ нэг хүний ажил биш, баг хамт олны үйл хэрэг. Үүнийг удирдаж зангидна гэдэг тухайн хүний арга туршлага байдаг.
- Мэс заслаа амжилттай дуусгасны дараа сэтгэл санаа сайхан болдог биз?
- Санасандаа хүртэл ажиллачихлаа гэж бодоход сэтгэл өег байх нь бий. Өглөө ажилдаа ирэхэд хүн маань сэргэчихсэн “Баярлалаа, эмч ээ” гэдэг үгийг сонсоход үнэхээр сайхан.С
- Та сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлдэг вэ?
- Би сэтгэл хөдлөлөө гадагшаа сүрхий илэрхийлээд байдаггүй.
- Таны ажлын нэг өдрийг сонирхвол?
- Өглөө найман цагт ирж өвчтөнүүдээ үзээд, хүмүүстэйгээ уулзсанаар есөн цагт мэс засал эхэлдэг. Баг үдийн 12 цагт завсарлаад эргэж орж 16 цаг хүргэнэ. Ер нь мэс заслын эмч хүнд цаг нар байдаггүй. Ажлын найман цагтай боловч үүнд баригдаад ажлаа дуусгаад явчихна гэх ойлголт байхгүй. Мэс засал хүндрэлтэй болох тохиолдолд цагаа сунгана.
- Ажлын байдлаас шалтгаалж амрах хугацаа оройтдог уу?
- Ихэвчлэн шөнө 00 цаг хүргэж унтаад өглөө эрт босдог. Зарим үед гэрээсээ дуудагдах үе гарна. Зарим үед ажил дээрээ хонох үе ч байна.
- Жилийн 365 хоногийн хэдэн өдрийг Та ажил дээрээ өнгөрүүлдэг вэ?
- Ээлжийн амралттай сар орчим хугацааны үедээ л ажлаасаа хөндий байсан юм уу даа.
- Таныг ажил руугаа яаран яаран ирүүлдэг, ямар татах хүч энд байгаан бол?
- Эзэмшсэн мэргэжил маань юм. Хүнийг өвчин зовиураас нь илааршуулаад эдгэснийг нь харах шиг хамгийн сайхан сэтгэлийн таашаал гэж үгүй.
- Та мэс заслын өрөө рүү орохдоо халширч байсан үе бий юу?
- Байлгүй яахав. Сургуулиа дөнгөж төгсч ирсэн эмч туршлага муутай бас сандардаг, хагалгаандаа эмээж ордог байсан. Одоо ч зарим хүнд мэс заслыг хийхдээ жаахан түгшдэг. Гэлээ гээд хийхгүй яахав. Хүний амь насны төлөө ухралтай биш. Ухрах эрх байхгүй.
- Таны хүүхэд нас, төрсөн нутгийн талаар яриагаа үргэлжлүүлье?
- Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. Миний хүүхэд нас Дэлгэрхаан, Дархан, Хэрлэнбаян-Улаан сум тосгонд өнгөрсөн. Намайг тавдугаар ангид байхад манайх аймгийн төв рүү шилжиж би 10 дугаар анги төгстөлөө аймгийн төвд өссөн. Өндөрхааны нэгдүгээр 10 жилийн сургуулийн Намсрай багшийн ангийг 1993 онд төгссөн.
- Ижий аав тань ямар ажил хийдэг байв?
- Аав ээж хоёр минь бурхны оронд заларсан. Биднийгээ тэндээс үргэлж харж байгаа гэж боддог. Манай аав Должингийн Даваа-Очир гэдэг хүн байсан. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат, багш мэргэжилтэй. Ээж минь Сандаг-Очирын Жавзан гэж хүн байсан. Эрүүл мэндийн салбарт олон жил сувилагчаар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Би ээжийнхээ ажил үйлсийг үргэлжлүүлж энэ салбарын ажил мэргэжлийг сонгосон хүн.
- Хүүхэд байхаасаа эмч болно гэж мөрөөдөж байв уу? Тэр тусмаа яагаад мэс заслын эмч болсон бэ?
- Би хүүхэд насандаа жолооч болно гэж мөрөөддөг байсан. Намайг есдүгээр ангид ордог намар их бороотой өдөр ээжийн аав-өвөө маань нас барсан. Тэр үед би эмч болж гэр бүлийнхэндээ туслах ёстой гэж машин дотор ганцаараа сууж байхдаа бодсон. Тэгээд л эмч мэргэжлийг сонгосон. Ихэвчлэн эрэгтэй эмч нар мэс заслын эмч болдог. Би 2000 онд дөнгөж төгсч ирээд аймгийн шүүх эмнэлгийн эмгэг судлалын эмчээр хоёр жил ажилласан. Энэ ажил намайг мэс заслын эмч болоход нөлөөлсөн. Тэр үед мэс заслын эмч нар манай аймагт ховор байсан.
- Оюутан цагийн дурсамжаас хуваалцвал?
- Бусад оюутны адил бужигнаж, хичээл номондоо шамдаж явсаар нэг л мэдэхэд сургуулиа төгссөн. Төгсөөд л Хэнтий нутагтаа ирээд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 18 дахь жилдээ ажиллаж байна.
- Таны бахархал юу вэ?
- Би мэс заслын эмч гэх сайхан мэргэжлээрээ л бахархаж, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөхийн төлөө хичээж явна.
- Таны хэлэх дуртай үг?
- Би таныг эдгээнэ. Найз нөхөд маань анзаарсан байдаг, би "За зүсээд өгчихье” гэдэг үгийг хэлээд хэвшил болсон шиг байна.
- Та ямар спорт сонирхдог вэ?
-Волейболын спортыг сонирхдог. Тоглох дуртай. Гэхдээ байнга тоглоод байх зав ховор юм. Оюутан байхдаа их тоглодог байсан.
- Их ажлын үед өөрийгөө хөгжүүлэхэд яаж анхаарч байгаа бол?
- Сүүлийн үед цахим ертөнц, цахим мэдээлэл их хөгжлөө. Үүгээр өдөр тутам мэдээллээ авч байна. Жишээ нь, мэс засалд орохдоо л тухайн өвчний талаарх мэдээллийг олж үзэх, судлах шаардлага гарна. Энэ нь байнга өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх бололцоог хангадаг гэж хэлж болох. Цаашдаа судасны мэс заслын талаар мэргэшихийг хичээж байна. Манай аймагт бөөр орлуулах гемодиализын аппараттай болсон. Энэ аппаратаар үйлчлүүлж байгаа хүмүүс Улаанбаатар хотод мэс засалд ордог. Үүнийг орон нутагтаа хийдэг болъё гэсэн бодол бий. Одоохондоо хараахан суралцаж чадахгүй л байна. Гэхдээ сургалт семинаруудад хамрагдаад л явж байна даа.
- Таны амьдралдаа авч байсан хамгийн том урам юу вэ?
- Миний өвчтөнүүд “Эмч ээ баярлалаа” гээд эмнэлгээс гарч байгаа нь сайхан санагдаж надад их урам зориг өгдөг.
- Урам хугарах үе байв уу?
- Мэс засал бүтэлгүйтэж өвчтөнөө аварч чадахгүй нас барсан үед ар гэрийг нь харах тэр мөч л хүндхэн байдаг. Өвчтөн бүрийг аврахын төлөө эмч хүн байнга суралцах ёстой. Нөгөө талаар иргэдийн эрүүл мэндийн боловсролоос шалтгаалж өвчин эцсийн шатандаа оношлогдож, эмчилгээний үр дүн гарахгүй байх явдал. Тэр үед л эмч хүн сэтгэлээр унадаг.
- Гэр бүлийнхнээ танилцуулах уу?
- Манай эхнэрийг Жамсрангийн Дэлгэрмаа гэдэг. Холбооны инженер мэргэжилтэй, одоогоор хувиараа бизнес эрхэлж байна. Манай том хүү Билгүтэй аймгийн Эрүүгийн шүүхийн шүүгчийн туслах хийдэг. Дунд охин Бүжинлхам наймдугаар ангид, бага хүү Өсөхбаяр ирэх жил тавдугаар ангид суралцана.
- Мэргэжлээ хүүхдүүддээ өвлүүлэхийг хүсдэг үү?
- Би удам залгасан эмч учраас хоёр багыгаа эмч болоосой гэж боддог. Гэтэл аав нь байнга завгүй болохоор манай хоёр эмчийн ажлыг хүнд хэцүү гэж бодох нь бий. Бага хүү минь жаахан сонирхдог шиг байгаа юм. Гэхдээ хүүхдүүд өөрсдөө шийднэ биз. Миний хувьд нэг нь эмч болчихоосой гэж хүсдэг ч хүүхдүүдээ айхтар шахдагггүй. Эмчийн хөдөлмөр хүнд хэцүү, цаг наргүй, ар гэртээ цаг бага зарцуулах юм даа. Баяр ёслол болоход шаардлагатай зүйлийг нь бэлтгэж өгөөд л эмнэлэг рүүгээ ирэх үе элбэг тохиолдоно.
- Эрүүл мэндийн салбарт юун түрүүнд өөрчилөх, хиймээр зүйл юу байгаа бол?
-Эрүүл мэндийн салбарын тогтолцоог үе шаттай өөрчлөх ёстой. Ялангуяа нийгмийн даатгалын асуудлыг эрүүл мэндийн салбарт хариуцуулж, эрүүл мэндийн үйлчилгээг нийгмийн даатгалаар санхүүжүүлбэл хөгжинө. Монголчуудын намчирхсан байдал эрүүл мэндийн салбарт ч чөдөр тушаа болж байна. Дээрээ яригдаад л байдаг.
-Аймгийн эрүүл мэндийн салбар хийгээд таны хариуцсан мэс заслын тасагт тулгамдаж байгаа зүйл юу байна?
-Яривал их л зүйл байх. Хамгийн чухал нь мэс заслын тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудал бий. Сүүлийн үед вакум мэс аслын өрөө яригдаж байна. Энэ нь шархны эдгэрэлт, гадны халдвараас сэргийлэх том нөхцөл шалтгаан болдог. Гэхдээ ойрын 50 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалт бол манай эмнэлэг шинэ байртай болсон. Шинэ байраа гамтай ашиглаж, цаг хугацаанд нь засвар үйлчилгээг нь хийгээд дотор нь ажиллаж байгаа бид өөрийн гэр орон мэт хайрлах ёстой.
- Хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ дайгаач гэвэл та юу хэлэх вэ?
-Би хамт олноороо үргэлж бахархдаг. Нэгдсэн санаагаар нэг хүн шиг ажиллаж чаддаг. Тийм ч учраас олон хүний амь насыг хүнд өвчнөөс нь аварч чадсан.
- Таныг 2017 оны Хан Хэнтийн онцлох алдартнаар шалгаруулсан мөчид юу бодогдож байсан бэ? Энэ нь Хан Хэнтийчүүд сонголтоороо таныг онцолсон үйл явдал болсон.
- Тухайн үед маш их баярласан. Хэнтийн ард түмэн маань намайг оны онцлох алдартан гэх эрхэм алдрыг хүртээсэн. Үүнд би баяртай байдаг. Цаашдаа улам хичээж ажиллах болно.
- Таны өнөөдрийн ажил дууссан уу?
- Тийм ээ. Би урьд шөнө эмнэлэгт жижүүртэй хоносон. Өнөөдөр амрах ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Мөнхбат эмч Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийг 2000 онд төгссөн, 2003 оноос мэс заслаар мэргэшиж хэвлийн хөндийн мэс засал болон дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн, Эрүүл мэндийн системийн аварга, “Алтан чагнуур” ын эзэн, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” юм.
Өнгөрсөн онд Мөнхбат эмч нийт 525 мэс засалд хийснээс төлөвлөгөөт мэс засалд318 удаа, яаралтай хагалгаанд 205 удаа орж мэс заслын тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлжээ. Үүний дотор зүрхний мэс засал нэг, ходоодны мэс засал гурван удаа, дурангийн хагалгаа 32 удаа, тархины мэс засал гурван удаа, үе шилжүүлэх мэс засал хоёр удаа, яс нөхөх мэс заслыг хоёр удаа амжилттай хийсэн байна.
Артер болон венийн судас бүрэн тасарсан хоёр өвчтөнд судас залгах, бүдүүн гэдсийг бүхэлд нь тайрч, нарийн гэдсийг шулуун гэдэстэй залгах, ходоодны хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.
Д.Одонтунгалаг
Comments