О.Ганболд: Утааг бууруулах бус бүрэн арилгах цогц шийдэл

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-26 18:07:20

Айл өрхийн цахилгааны, дулаанд зарцуулах мөнгийг 6 дахин хэмнэх “Эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж”-ийг “Органик Энержи” группын инженерүүд зохион бүтээж, өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Уг төхөөрөмж нь цахилгааны эх үүсвэрээс авсан 3 квт цахилгааныг 6 дахин өсгөж 18 квт орчим  болгох хүчин чадалтай юм. Энэ бол нүүрснээс цахилгаан гаргах асуудлыг бүрэн зогсоож, утааг бууруулах бус бүрэн арилгах цогц шийдэл хэмээн зохион бүтээгчид онцолж байв.

Одоогоор 20, 50 болон 100 квт үйлдвэрлэх төхөөрөмж бүтээсэн бөгөөд цаашдаа энэхүү хүчин чадлыг нэмэх боломжтой гэдгийг “Органик Энержи” группын захирал О.Ганболд нээлтийн үеэр хэллээ.

Тэрбээр, “Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн уг төхөөрөмжийг бүтээхэд хоёр  жил зарцуусан. Төхөөрөмжийг бүтээхэд төрөөс ямар нэгэн дэмжлэг хүсээгүй. БНХАУ, Япон зэрэг орноос энэхүү төхөөрөмжийг сайжруулах, олон нийтэд хүргэх чиглэлээр хамтран ажиллах санал ирсэн. Одоогоор ирсэн саналуудыг судалж байна. Цаашдаа нарны эх үүсвэрээс цахилгаан аваад түүнийгээ өсгөдөг төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна. Нар болон салхины эх үүсвэр гэхээр бороо, цастай үед ашиглах боломжгүй гэж хүмүүс үздэг. Гэхдээ тийм биш. Энэ төхөөрөмж нарнаас 2 минут эх үүсвэр аваад түүнийгээ дотроо боловсруулалт хийж, дахин эх үүсвэр авахгүйгээр ажиллах юм. Тэгэхээр хэдэнөдөрч бороо, цастай байсан хэвийн ажиллана” хэмээв.

Нэг төхөөрөмж нь 5 айлын хэрэглээг бүрэн хангах боломжтой тул зуслангийн айлууд хоорондоо тохироод дундаа авч хэрэглэх боломжтой.

Гэр хорооллын нэг айл гэрээ цахилгаанаар халаахад сард 300 мянган төгрөг, нүүрс түлдэг айл сард 600-700 мянган төгрөг зарцуулдаг. Тэгвэл энэ төхөөрөмжийг ашигласнаар сард ердөө 50-60 мянган төгрөг зарцуулна хэмээн инженер Х.Өнөр-Отгон танилцуулав.

Тэрбээр, “Төхөөрөмж бүтээхэд зарцуулсан хөрөнгө болон борлуулах нарийн тооцооллыг хийгээгүй байгаа. Тун удахгүй эцсийн байдлаар үнээ тогтоож, олон нийтэд мэдээлэх болно гэсэн юм.

Ч.Ариунболд

Related news