МАН ёс зүйн хороонд хандана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-23 15:25:52

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр өчигдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганы үр дүнгээр мэдээлэл хийх үеэрээ ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр, "УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан, дараагийн удаад МАН-ыг засагт урьж оруулсан шийдвэрээ цуцлахаар хуралдсан. Гурав дахь ээлжит бус чуулган сая хуралдаад цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд дууслаа.

Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Хоёрдугаарт хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ хүрээнд найм хоногийн завсарлага авсаны эцэст хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн.

Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь зохисгүй үйлдэл. Гуравдугаарт хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор тавилттай жүжиг тавьж, МАН-ын гишүүдийг байж боломгүйгээр дайрч доромжилсон тул  холбогдох байгууллагад хандана" гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news