Дүрвэгсдийг буцаах их аян Европт өрнөсөн нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-02-12 12:57:04

Өнгөрсөн онд Европ тивийн улс орнууд Дэлхийн 2 дугаар дайн дууссанаас хойшхи хугацаанд болж байгаагүй асар том хүмүүнлэгийн хямралд өртөж, дүрвэгсдийн их нүүдэлд дарагдлаа.

Европын Холбоо бол энэ ертөнцийн диваажин мөн гэдэгт бүрэн итгэж үнэмшсэн Ойрхи Дорнод, Африкийн орнуудын үй олон дүрвэгсэд Европ тивийг нөмрөн авав. НҮБ-ын албан ёсны мэдээллээр бол, 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 1 сая гаруй хүн “визэнд оролгүйгээр” Европ тивд хөл тавьсан байна.

Дублины хэлэлцээр ёсоор бол, тухайн иргэн өөрийн анх хөл тавьсан улс орны эрх баригчдад хандан дүрвэгчийн статус олгох хүсэлт гаргах ёстой гэнэ. Их нүүдэл ид өрнөж байх үеэр ХБНГУ-ын Канцлер А.Меркель хэт өгөөмөр сэтгэл гарган “хүсэлт гаргасан хүн бүхэнд дүрвэгчийн статус олгоход бэлэн байна” хэмээн хэлж орхижээ. Ийм мэдэгдэл гарсны дараа ЕХ-ны хилийг нууцаар давсан хууль бус цагаачид бөөнөөрөө Герман руу цувах нь ойлгомжтой.

Харин одоо өрнөн буй бодит байдлыг ажиглаваас, Европын эрх баригчид дүрвэгсдээс салах цорын ганц найдвартай арга бол тэднийг эх оронд нь буцаан хүргэх явдал гэж үзээд чанд хатуу арга хэмжээ авна гэдгээ ил тод мэдэгдэх боллоо.

Бүр анхнаасаа Германы эрх баригчид дүрвэгсдийн талаар баримтлах бодлогодоо “нээлттэй хаалга”-ны зарчмыг барьж ирсэн нь буруудаж байгаа бололтой. Мэдээжийн хэрэг, сая гаруй хүний дотор элдэв муу явдал бүхий хүмүүс байх нь ойлгомжтой. Тэд охид эмэгтэйчүүдийг айлгаж ичээн, хөгшчүүлийг зодож дээрэмдэх нь газар авсаар байгаа явдал олон нийтийн дургүйцлийг асар ихээр хүргэж байна. Статистик тоо баримтаар, Германд 100 эмэгтэйд 114 эрэгтэй ногддог, дээр нь  дүрвэгсдийн дотор залуу эрчүүдийн тоо давамгайлж байгаа нь Кельн хотод болсонтой адил үйл явдал цаашид гарах магадлалыг улам өндөрсгөж байгаа юм.

Сануулан дурдахад, он солигдох мөчид Германы Кельн хотод “араб төрхтэй” залуус эмэгтэйчүүдийг өдөж хоргоон, хүчиндэхийг завдан халдсан тухай 800 гаруй гомдол цагдаагийн газарт ирсэн гэнэ. Олон эмэгтэй халдлагад өртөж бие, сэтгэл санааны хохирол амсчээ. Энэ явдал германчуудын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж “Меркелийн буруу бодлогоос үүдэн Германы өсвөр үе, охид бүсгүйчүүд заналхийлэлд өртлөө. Цагаачдыг хөөж гаргах нь зүйтэй” гэх уур амьсгал нийгэмд давамгайлах болов. Кельн хотын цагдаагийн газрын дарга огцорч, А.Меркель Давосын чуулганд оролцох байснаа цуцалжээ.

Үүнээс үүдэн, хатагтай Меркель одоо арай ондоо зүйлийг ярьж байна.

1951 онд батлагдсан Дүрвэгсдийн статусын тухай Женевийн Конвенцид зааснаар, дүрвэгсдийг хамгаалан орогнуулах хугацаа 3 жил гэж хязгаарласан байдгийг Канцлер сануулаад “террористуудыг даран сөнөөж, энх тайван цаг ирсний дараа та бүхэн гэр орондоо харих хэрэгтэй” гэж дүрвэгсдэд хандан учирласан байна. Сануулан дурдахад, дүрвэгсэд Европ руу ид цувж, Грект өрийн хямрал оргилдоо хүрч байсан цаг мөчид хүлээц тэвчээр гэж юу байдгийг жинхэнэ ёсоор харуулж чадсан хатагтай Меркелийг Америкийн “Тайм” сэтгүүл “Оны хүн”-ээр шалгаруулж байсан билээ.

Дашрамд, Кельн хотын Эдийн засгийн хүрээлэнгийн хийсэн тооцоогоор, цагаачдыг орон байраар хангах, үйлчилгээ үзүүлэх, нийгэмшихэд нь туслах зорилгоор Германы төсвөөс 50 тэрбум евро гаргасан ба ”улсын төсөв үргэлжийн мөнхөд алдагдалгүй байна гэж үгүй” хэмээн германчууд үүнд дургүйцдэг бололтой.

Дүрвэгсдийг Европ руу нууцаар нэвтрүүлэх нь мафийнхны хувьд нэлээд ашигтай бизнес болж хувирчээ. Жишээ татахад, Германд хүргүүлсэн нэг дүрвэгчээс 1000 евро авдаг бол Унгар руу хүн гаргахад 400-500 еврогийн ханштай байдаг аж. Гэтэл зарим мэдээллээр, Сирийн дүрвэгсдийг 15 мянган еврогоор Европ руу гаргадаг тухай баримт ч бий. Мафийнхны даварсан энэ үйл ажиллагааг зогсоохын тулд Европын Холбооны орнууд өнгөрсөн онд “София” гэдэг ажиллагаа явуулж байсан билээ.

Цагаачид болон дүрвэсэн хүмүүст хамгийн ээлтэй ханддаг шведүүд хүртэл сүүлийн үед гадны хүмүүсээс “зайгаа барих” болж 80 мянган цагаачийг нутагт нь хүргэх тухай яриад эхэллээ. Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Вальстрем “хэрвээ тухайн иргэн цэргийн мөргөлдөөн болж буй газар оронд оршин суудаг гэдгээ нотолж чадаагүй тохиолдолд түүнд дүрвэгчийн статус олгохгүй бөгөөд эх оронд нь буцаах болно” гэж шулуухан мэдэгдсэн байна. Тус улсын холбогдох албанд хандан цагаач, дүрвэгчийн статус хүссэн хоёр хүний тутмын зөвхөн нэг нь л нааштай хариу сонсч байгаа бололтой.

Финланд бол 5 сая хүн амтай харьцангуй жижиг улс. Гэтэл тэнд өнгөрсөн онд тэнд 32 мянган хүн дүрвэн орж ирснээс 60 хувь нь буюу дүрвэгчийн статус олж авч чадаагүй “азгүй” 20 мянган хүн нутаг буцах болж байна.

Дүрвэгсэдтэй холбоотой дүрэм журам улам бүр чангаран нарийссаар. Саяхан Дани улсын парламентын гаргасан шийдвэр ёсоор бол, тус улсад ирээд суурьшсан цагаачид гэр бүлийнхээ гишүүдийг урьж ирүүлэх боломж улам хязгаарлагдмал болж байгаа аж. Тодруулбал, цагаачид Данид ирснээсээ хойш 3 жилийн дараа гэр бүлийн гишүүдээ урих талаар хүсэлт гаргах эрхтэй болох ба тухайн өргөдлийг судлах нэрийдлээр шийдвэр гаргах хугацааг сунжруулваас 7-8 жилийн дараа л эхнэр хүүхдийнхээ барааг харах  магадлалтай.

Тэр ч бүү хэл, цагаач бүр 10 мянган кроноос дээш үнэлэгдэх үнэт эд зүйлс, мөнгө валютыг Дани улсын санд тушаах ёстой гэсэн журам гаргасныг НҮБ-ын зүгээс “цагаачдын эрхийг илэрхий зөрчсөн, тэднийг дэндүү дээрэлхсэн арга хэмжээ” гэж шүүмжиллээ.

Үүний сацуу ХБНГУ-ын хөрш Австри улсад ч дүрвэгсдээс салахын тулд шийдэмгий арга хэмжээ авч эхлэв. Тус улсын эрх баригчид энэ онд хамгийн дээд тал нь 37,5 мянган дүрвэгсдийг хүлээж авна гэсэн тодорхой тоо зааж байгаагийн зэрэгцээ өмнө нь орогнол хүссэн боловч татгалзсан хариу авсан 50 мянган хүнийг 2019 он гэхэд эх нутагт нь буцаахаар төлөвлөжээ. Тэдний тоонд нутаг оронд нь дайн дажингүй амар тайван байгаа Марокко, Алжир, Тунис, Гүрж, Монгол, Гана гэсэн зургаан орны иргэд багтжээ.

Үүний сацуу, өөрийн иргэдийг буцаан хүлээж авахаас татгалзсан улс орны эсрэг илд далд ямар нэгэн хэлбэрээр хориг арга хэмжээ авна гэж Европын орнууд мэдэгдэж байна. Тухайлбал, Европын Холбооны зүгээс Нигер, Эритрея улсад хандаж, иргэдээ хүлээж авахгүй бол тэдэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжаа зогсоон, худалдааны гэрээ, визийн гэрээгээ эргэн харж магадгүй гэж анхааруулсан байна.

Дүрвэгсдийн их нүүдэл ид өрнөж байх үед Европын Холбоо дүрвэгсдийн талаарх бодлогоо эргэн харах нь зүйтэй хэмээн сануулж байсан хүн бол саяхан манайд айлчлаад буцсан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан юм. Энэ хүн дүрвэгсдийн асуудал дээр хатуу байр суурь баримталдаг гэдгээрээ сүүлийн үед улстөрийн хүрээнийхний анхаарлын төвд байгаа. “Яг үнэндээ бол одоо Европыг нөмрөн буй дүрвэгсэд бол дайн байлдаан болж буй газар орноос бус харин Ливан, Иордан, Турк дэх дүрвэгсдийн лагериас ирсэн. Эдгээр лагерьт тэдний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа, гэтэл тэд амьжиргаагаа сайжруулах гэж л нааш зүтгэж байна” гэж тэрбээр мэдэгдэж байлаа. “Хүн заавал сайхан амьдрах ёстой гэсэн суурь эрх гэж байдаггүй, харин аюулгүй орчинд амьдрах, нэр төрөө хамгаалах эрх гэж байдаг” хэмээн Унгарын Ерөнхий сайд сануулаад “ирсэн замаар эх нутагтаа буцсан нь дээр” гэж дүрвэгсдэд зөвлөсөн байна.

Европ тивд дэгдсэн хямрал бол урт удаан хугацааных гэдэг нь нэгэнт тодорхой. Италийн Ерөнхий сайд Маттео Ренци “энэ бүхэн олон сараар үргэлжилнэ, гэхдээ бид дүрвэгсдийн талаарх улс орон бүрийн салангид бодлого бус харин Европын Холбооны нэгдсэн бодлогыг тодорхойлох ёстой” гэж хэллээ. Үүнтэй холбоотойгоор дурдахад, дүрвэгсэд, цагаачидтай холбоотой хямрал Европ тивийг урьд өмнөхөөс илүү нэгдмэл болгон зангидна гэх өөдрөг үзэлтнүүд ч бий.

Б.Адъяахүү

Related news