НДЕГ олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-28 15:06:35

Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ) өнөөдрөөс Олон улсын чанарын ISO 9001:2008 стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, батламжаа гардлаа.

Олон улсын томоохон байгууллагуудтай хамтран ажиллахад Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн байх шаардлага тулгардаг. Тиймээс НДЕГ олон улсын чанарын ISO 9001:2008 стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор олон улсын баталгаажилтын аудитыг хоёр ч удаа хийлгэжээ.

Мөн бүх баримт бичгийг стандартчилж, ажлын заавар, журмыг тодорхойлсон 50 гаруй бичиг баримтыг батлажээ. Түүнчлэн “Кайзен” саналын системийг нэвтрүүлж, албан хаагчид өөрсдийн санал хүсэлтээ удирдлагын түвшинд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.

ISO 9001:2008 олон улсын стандартад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, шуурхай, нээлттэй ил тод байдлыг хангах чиглэлд ихээхэн дэвшил гарах юм.

НДЕГ-ын олон улсын баталгаажилтын аудитыг “Хон Конг Веритас” компани гүйцэтгэсэн байна. Азийн орнуудаас Монгол улсын Нийгмийн даатгалын байгууллагын ажлын бүтээлч байдал, идэвх санаачлага онцгой сайн байсныг “Хон Конг Веритас” компанийн захирал Хови Энжи батламж гардуулах үеэрээ онцлон тэмдэглэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news