Амьдрахын тулд аюултай уурхайд ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-26 15:41:09

ЖЕНЕВ. /Ifrc/. Налайх дүүргийн уурхайчид чанар муутай нүүрс олборлохын тулд аюулаас хамгаалах тоног төхөөрөмжгүйгээр эртний аргаар газар доогуур зуу гаруй метр ухаж байна. Монголын Улаан загалмайн нийгэмлэг эдгээр уурхайчны аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авсан боловч нөөц бололцоо хомс байгаагийн улмаас арга хэмжээ үр дүнгүй байна.

Уурхайд гарах ослын улмаас жил бүр 10-15 хүн амиа алдаж, олон хүн ноцтой гэмтэл авч байна гэж уурхайчин Н.Алтангэрэл хэлжээ. Тэрбээр Налайх дүүрэгт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа 2000 гаруй уурхайн нэгэнд ажилладаг ажээ. Уурхайд ажиллаж байгаа гэр бүлийнхэндээ туслах эсвэл нүүрс түүх гэж ядуу өрхүүдийн хэдэн арван хүүхэд уурхайн ойр орчимд ажиллаж байна.

Налайхын уурхай нь Улаанбаатар хотоос 35 км зайтай оршдог. Налайхын бичил уурхайнууд нь Улаанбаатар хотын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг гэр хорооллын айлуудыг дулаан байлгах нүүрсээр хангадаг. Гэр хорооллынхон нүүрс түлж, Монголын хүйтэн өвлийг давдаг.

Хахир хатуу өвлийн хүйтэнд мал ахуйгаа алдсаны улмаас Улаанбаатар хот руу шилжин суурьшсан малчид гэр хорооллын оршин суугчдын дийлэнхийг бүрдүүлж байна. Мал аж ахуйгаас өөр мэргэжилгүй тэд шинэ орчинд амьдрахын тулд тэмцэж байна.

Уурхайд осол гарах эрсдэл маш өндөр учир Улаан загалмайн нийгэмлэг уурхайчдад зориулж анхны тусламж үзүүлэх болон аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулжээ. Уурхайчид энэ сургалтад суух хүсэлтэй байгаа хэдий ч бүх сургалтыг явуулах нөөц бололцоо дутмаг байгааг нийгэмлэгийн ажилтан дурдав.

Үүнээс гадна, нэмэлт оролцоо шаардлагатай байна. Уурхайчид уул уурхайн тоног төхөөрөмжийг буруу ашигласнаас болж ноцтой гэмтэл авах нь асар их байдаг ажээ.

Д.Нямтулга

 

Related news