Малчдад дахин 100 тонн өвс үнэгүй өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-18 19:24:32

2011- 2013 онд улсын нөөцийн цэг салбарт татан нөөцөлсөн өвсний үлдэгдэл 3 мянга гаруй боодол өвсийг малчдад үнэ төлбөргүй олгож байгаа юм. Үүнээс гадна Засгийн газраас бүх аймагт хямдралтай болон үнэ төлбөргүйгээр 6580 тонн өвс өгөхөөр болсны 100 тонн нь Дундговь аймагт хуваарилагджээ.

Энэ өвсийг мөн малчдад үнэ төлбөргүй өгөх бөгөөд сумдад хэрхэн хуваарилахыг аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я. Алтанхундагаас тодруулахад,зудтай сумдад түлхүү хуваарилах чигтэй байгааг хэллээ. Аймгийн Онцгой комисс хуралдаж энэ асуудлыг шийдэх юм байна.

Дундговь аймгийн хувьд Адаацаг, Баянжаргалан Говь- Угтаал, Гурвансайхан сум зудтай, Хулд, Луус, Сайнцагаан Дэлгэрцогт, Дэрэн,Цагаандэлгэр,Өндөршил, Өлзийт, Эрдэнэдалай сум зудархуу байгаа бол Сайхан- Овоо, Дэлгэрхангай сумынхан өнтэй өвөлжиж байгаа юм.

Зудтай болон зудархуу өвөлжиж байгаа 13 суманд өвс, тэжээлийн хүрэлцээ муутай 3200 шахам өрх бий,  эдгээр өрхөд 230 гаруй тонн өвс, 120 гаруй тонн тэжээл шаардлагатай гэсэн судалгааг Онцгой комисс гаргажээ.

Т. Отгонтуяа

 

Related news