Хотгорын уурхай 180 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:57:38

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хотгорын нүүрсний уурхай нь 53 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ уурхай нь Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийг 100 хувь, Ховд аймгийн хэрэглэгчдийг 30 хувь нүүрсээр хангадаг байна. Мөн Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өмнөговь суманд нүүрс нийлүүлдэг аж.

2015 онд 180.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд шинээр нүүрс шигшигч төхөөрөмж авснаар нүүрсээ хог хаягдалгүй ашигладаг болсон байна. Уурхайд Баян-Өлгий аймгийн 58 хүн ажилладаг ба тэдний ихэнх нь удам дамжсан уурхайчид гэнэ. Тухайлбал, өвөө нь өрөмдөгч байсан бол одоо ач хүү нь өрөмдлөг хийж байх жишээтэй.

Уурхайн зүгээс жил бүр Бөхмөрөн сумтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2014 онд сумын иргэдэд 750-иад тн нүүрс үнэгүй өгсөн бол өнгөрөгч онд 1000-аад тн нүүрс нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нутгийн ард иргэд байгалийн баялгаасаа хувь хүртэх нь зүйтэй гэж үзээд уурхайн зүгээс Бөхмөрөн сумын өрх бүрт 2 тн нүүрс үнэгүй олгожээ. Түүнчлэн өнгөрсөн жил тус суманд үйл ажиллагаа явуулж буй гурван уурхай хамтран “Нэг зам” төсөл хэрэгжүүлж, олон салаа замыг нэгтгэснээр бэлчээрийн талхлагдал буурч, элэгдсэн зам талбай хурдан нөхөн сэргэж байгаа аж.

“Нэг тонн нүүрсийг газар дээрээ 27900 төгрөгөөр худалдаалдаг бөгөөд энэ үнэ ханшаа таван жил мөрдөж байна. Өнгөрч буй 2015 онд 75 мянган тн нүүрс олборлосон бол 2016 онд 80 мянган тн нүүрс олборлоно. Уурхайдаа хөрс хуулалт, нөхөн сэргээлт, дүүргэлтийн ажлыг тогтмол хийдэг бөгөөд техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлтийг мөн хийж байна” хэмээн “Хотгор” ХХК-ийн нүүрсний уурхайн дэд захирал А.Шайнмурат мэдээллээ.

Хотгорын нүүрсний уурхай дээр амьдарч байгаа 150-иад өрх нь Баян-Өлгий аймгийн долдугаар багт харъяалагдаж явдаг бөгөөд суурин дээрээ бага сургууль, эмнэлгийн салбар, цэцэрлэгтэй байна. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дээр Баян-Өлгий аймгийн нэг баг оршиж байгааг нэрт хуульч Б.Чимид агсан “савны гадуурх жирэмслэлт” гэж тайлбарласан байдаг юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Related news