Ус хэрэглэсний төлбөрийн олон жилийн өр авлага үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-11 12:49:24

Хэрэглэсэн усныхаа үнийг удаан хугацаанд төлөөгүйн улмаас багагүй хэмжээний өр авлага ус түгээх байгууллага, айл өрх хооронд үүссэн байна.

Он дуусахаас урьтаж олон жил хуримтлагдсан өр авлагыг цэгцлэх ажлыг “Дундговь- Ус” ОНӨҮГ зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар айл өрхүүдийн  төлөөгүй усны төлбөр дээд тал нь 5 сая гаруй төгрөг, дундаж нь нэг сая гаруй төгрөгт хүрснийг тус байгууллагын захиралаар томилогдоод  удаагүй байгаа Б. Отгонтөгс хэллээ.

Мандалговь хотынхон 35 км холоос ундны устайгаа залгадаг. Тус байгууллага хотынхны хэрэгцээнд 750 шоо метр усыг нэг хоногт нийлүүлдэг бөгөөд үүнийхээ тавь гаруй хувьд л төлбөрөө олж авдаг байна.

Энэ оны эхэнд усны үнийг нэмэгдүүлж, суурь хураамжтай болгосон. Энэ нь усны бодитой хэрэглээг нэмэгдүүлж, алдагдлаас гарах  нэг алхам болсон боловч  усны төлбөрийг бүрэн төвлөрүүлэхэд тус байгууллага ч тааруухан анхаарч,  айл өрхүүд ч хөшүүн ханддаг байдал хэвээр байгаа ажээ.

“5 сая гаруй төгрөгт хүртэл нь усны төлбөрөө төлөөгүй хуримтлуулсан айлаар жишээлэхэд, тухайн орон сууц хэдэн хэдэн айл дамжин худалдагдсан, тэр бүртээ усны төлбөрөө төлж байгаагүй, төлөхийг ч манай байгууллага шаардаж байгаагүй учраас иргэдийн санаанд ордоггүй. Ингэж явсаар хамгийн сүүлд худалдаж авсан айлд урьд урьдын айлуудын усны төлбөр хуримтлагдаж ирсэн байгаа юм. Аль болохоор үүссэн өрийг хөнгөлж, цэгцлэх арга хэмжээ авахыг бид зорьж байна” гэж “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын захирал хэллээ.

Ингэсний дараа усны хэрэглээ, усны төлбөрийг бодитой тооцож, хэрэглэгч, нийлүүлэгч байгууллага хооронд усны төлбөрийн өрийг дахиж үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллана гэлээ.   

Дундговь Т. Отгонтуяа

Related news