Ирэх оны эхээр Мандалговийн ерөнхий төлөвлөгөөг батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-10 13:35:07

Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөг ирэх оны эхээр эцэслэн батална гэж аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ хэллээ.

Дундговь аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалт 450 сая төгрөгөөр Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөг хийлгэж байгаа юм. Урьд нь 2011 онд 70 сая төгрөг орон нутгаасаа гарган хотын ерөнхий төлөвлөгөө хийлгэж эхэлсэн ч экспертизээр батлагдахгүй удааширсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөг дахин сайтар хийлгэх шаардлагатай гэдэг хүсэлтээ холбогдох яаманд тавьсаар өнгөрсөн  онд улсын төсвийн багагүй хөрөнгө оруулалтыг ерөнхий төлөвлөгөөнд ийнхүү тусгуулжээ. Урьд хийж байсан төлөвлөгөө Мандалговь хотыг баруун, баруун урд хэсгээр хаяа тэлэхээр хийгдэж байсан бол дахин сайжруулж байгаа энэ төлөвлөгөө нь хотыг тэлэхийн оронд одоо байгаа инженерийн шугам сүлжээг түшиглэн, хуучин барилгуудыг дахин төлөвлөж, нягтралыг сайжруулах байдлаар хийгдэж байгаа ажээ.

Хотын ерөнхий төлөвлөлт хийж байгаа “ Эн Эй Пи” ХХК төлөвлөлтийн бүсчлэлийг тогтоож, олон нийтийн хэлэлцүүлэг хийж иргэдийн санал авсан бөгөөд өнгөрсөн хавар төлөвлөгөөг эцэслэн батлуулах чигтэй байсан. Гэвч хугацаа хойшилсоор өнгөрөгч аравдугаар сард улсын магадлалаар төлөвлөгөөг баталгаажуулжээ.

Одоо аймгийн ИТХ- аар ерөнхий төлөвлөгөөг баталчихвал Мандалговь хот он удаан жилийн турш үгүйлэгдсээр ирсэн нэг асуудал шийдэгдэж, ерөнхий төлөвлөлтөөрөө цаашдын бүтээн байгуулалтаа өрнүүлэх боломжтой болох юм.  

Дундговь Т. Отгонтуяа

Related news