БНХАУ-ын тусламжийн Хүүхдийн хөгжлийн төвийн барилга 80 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-23 19:47:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тус улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн барилгын ажилтай өнөөдөр танилцав.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, Сонсголонгийн замын зүүн талд орших “Мөрөөдлийн цэцэрлэг”-гийн хойд талд барьж буй тус төвийн барилгыг хоёр улсын Засгийн газрын хоорондын 2014 оны наймдугаар сарын 21-ний солилцох захидал болон Монгол Улсын ХНХЯ-тай байгуулсан 2016 оны зургадугаар сарын 13-ны гэрээний дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр 2016 оны есдүгээр сараас барьж эхлээд байгаа юм. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани, гадна дулаан хангамж, цэвэр бохир усны дамжуулах шугмын ажлыг Монголын “Хүчит чулуут”, гадна цахилгаан, холбооны ажлыг “Термоэлектрейд” ХХК тус тус хийж гүйцэтгэж байна. Барилга, байгууламжийн зургийг БНХАУ-д хийж, Монгол хэл дээр орчуулан баталгаажиж, гадна шугам сүлжээний зургийг Монгол Улсын зураг төслийн “Инж байгууламж” ХХК хийж гүйцэтгэсэн юм.

250 ортой, нэгдсэн зоорь бүхий төмөр бетон карказан 3 давхар тус төвийн барилгын ажлын явц 80 гаруй хувьтай байгаа ажээ. Гэрээнд тусгасан хугацаанаас 20 хоногийн өмнө барилгын ажлыг дуусгаж ирэх оны хоёрдугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж буйгаа барилгын компанийнхан дуулгалаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХНХ-ийн сайд С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин нар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцав.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ